ТА НЭР ДЭВШИХ ҮҮ: Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар сонгуульд дахин нэр дэвшихээ илэрхийлсэн бол П.Анужин, "Ямар түгшүүртэй юм бэ. Би завгүй байна" гэв

ТА НЭР ДЭВШИХ ҮҮ: Д.Ганбат, Ж.Бат-Эрдэнэ нар сонгуульд дахин нэр дэвшихээ илэрхийлсэн бол П.Анужин, "Ямар түгшүүртэй юм бэ. Би завгүй байна" гэв

Манай Улс парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг хайрлаж, хамгаалах шаардлага бий. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.

Ард түмэн энэ эрхээрээ төлөөллийн байгууллагаараа дамжуулж эдэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгогчид төрд өөрсдийг нь төлөөлөх хүмүүсийг сонгохдоо хариуцлагатай байх ёстой юм. Тус агуулгын хүрээнд одоогийн УИХ-ын гишүүдээс "2024 оны сонгуульд дахин нэр дэвших үү" гэдгийг тодруулж буй зургаа дахь цувралаа хүргэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд ямар хуулийн төсөл санаачилсан тэр хуулийн хэрэгжилт хэр байгааг ч асуув. 

ВИДЕО: 

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Тойрог томорсон. Баянхонгор,  Архангай, Өвөрхангай аймгийг нэгтгэж нэг тойрог болгож байна. Миний хувьд дахин нэр дэвшиж дүнгээ тавиулна. Өнгөрсөн хугацаанд би хүний эрхийг хамгаалах чиглэлд илүү анхаарч ажилласан. Тойргийн иргэдийнхээ ажилтай, орлоготой байх, малаас гарч буй бүтээгдэхүүнийг үнэд хүргэх, эргэлтэд оруулах, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахтай холбоотой хуулийн төсөл дээр ажилласан.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАЯРСАЙХАН: УИХ-д нэр дэвших хүсэлтээ өгсөн. Миний нэр дэвших эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаар шийднэ. Томсгосон тойрог болгож шийдэхээс өмнө хийсэн ажлаа үнэлүүлж, дүнгээ тавиулъя гэж бодсон. Миний тухайд Монгол Улсын хамгийн чухал буюу хүний хөгжлийн бодлогын асуудлыг тойрсон хуулиуд дээр ажилладаг. Жишээлбэл, хүний эрүүл мэнд, зөв зан чанар, төлөвшилтэй байх, төрийн алба ёс зүйтэй байх, малчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудал зэрэгт анхаарлаа хандуулж ирсэн. Энэ бүх асуудлууд хэрэгжилт, зөв шийдэл, бодлого нэхээд байж байна. Хүний хөгжлийн бодлогын асуудалд анхаардаг гишүүний хувьд Хөдөлмөрийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт ялын бодлогыг чангатгах тухай хуульд өөрчлөлт оруулах, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дэхь оролцоог нэмэгдүүлэх тухай хууль, Нийгмийн ажилтны тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль зэрэгт яг оролцож ажиллалаа. Намрын чуулган хаахаас өмнө Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг өргөн барьсан.

УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН: Ямар түгшүүртэй юм бэ. Би завгүй байна. Дараа яръя. 

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТ-АМГАЛАН: 2020 оны сонгуулиар Баянзүрх дүүргийн иргэдийн итгэлээр УИХ-д сонгогдсон. Одоо Баянзүрх дүүргийн МАН-ын даргаар ажилладаг. Тиймээс би Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшинэ.  Баянзүрх нь хамгийн том дүүрэг. Хамгийн, хамгийн гэх тодотголтой. Хамгийн олон зах, худалдааны төв, цэргийн ангитай. Батлан хамгаалах салбар, Жанжин штаб ажилладаг, хамгийн олон II, III шатлалын эмнэлэгтэй мөн хамгийн олон Ерөнхий боловсролын сургуультай. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш "Дэмжье" гэх аяныг эхлүүлсэн. Жишээ нь боловсролын салбарт багш, эрүүл мэндийн салбарт эмч, эмнэлгийн ажилтнуудаа дэмжих зэрэг ажлыг хийлээ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: Би шүүхийн асуудалтай байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр албажиж ирсний дараа давж заалдана. Тэгэхээр миний хувьд тодорхойгүй. Хэрвээ давж заалдах шатны процесс нэр дэвшилтээс өмнө дуусвал хуучин тойрогтоо дэвшинэ. Хэрвээ дуусахгүй бол амжихгүй шүү дээ. Миний тухайд Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Батлан хамгаалах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Хоршооны тухай хууль, Малчин, мал бүхий иргэдийн тухай хуулийн төсөл гэх мэт найман хуулийн төсөл 22 тогтоол дээр ажилласан. Удахгүй тойрогтоо очиж дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавина. Нэр дэвших эсэхээс үл хамааран тайлангаа тавих ёстой. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ: Би нэр дэвшинэ. Нэр дэвших хүсэлтээ өгсөн. Өнгөрсөн намрын чуулганаар хамгийн олон хуулийн төсөл санаачилсан, ажлын хэсэг ахалсан гишүүний нэгээр тодорсон. Би зам тээврийн салбарын хүн. Энэ утгаараа Төмөр замын тухай хууль, Иргэний нисэхийн хууль дээр ажиллалаа. Сүүлийн үед Мал аж ахуйн салбар руу нэлээн анхаарч ажиллалаа. Жишээ нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалсан. Малын түүхий эдийг үнэд хүргэж, эдийн засгийн эргэлтэд оруулан түүнээс нь ард түмэн ашиг хүртэх ёстой шүү дээ. Уул уурхайн биржийн тухай хуулийг өргөн барихад нь мөн барьж авч ажлын хэсгийг ахалж ажилласан. Монгол Улсын төсөв дөрвөн их наядаар давж биелж байна. Өмнө нь нүүрсийг ил зардаггүй, нууц гэрээгээр борлуулдаг байсан. Харин Уул, уурхайн биржийн тухай хууль батлагдсанаар нүүрс биржээр зарагдаж 80 доллараар зарагддаг байсан нүүрс 180 доллараар зарагддаг болсон нь улсын төсөв давж биелэхэд нөлөөлдөг болсон.