Д.Амарбаясгалан: Малчид анхан шатны боловсруулалтаа хийж чаддаг бол нэг үхрээс л гэхэд 3-4 сая төгрөгийн ашиг олох боломжтой

Д.Амарбаясгалан: Малчид анхан шатны боловсруулалтаа хийж чаддаг бол нэг үхрээс л гэхэд 3-4 сая төгрөгийн ашиг олох боломжтой

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мал аж ахуй салбарыг шинэчлэх хөтөлбөрийг танилцууллаа Хоршооны гишүүн малчинд 50 сая хүртэлх зээлийг 80-100 хувийн батлан даалтаар олгох Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Ган, зудын эрсдэлд тэсвэртэй, түүхий эд бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингээж борлуулдаг, анхан шатны боловсруулалт хийдэг мал аж ахуйн салбарыг бий болгох зорилготой тус хөтөлбөрийг 21 аймагт хоршооны үйл ажиллагаа явуулж буй малчид сонсож байна. Тэд хоршиж нэгдэж чадсан, гэхдээ хөрөнгийн эх үүсвэргүй. Хэрвээ хөрөнгийн эх үүсвэртэй болж чадвал цех, зоорь, агуулах, саравч, тэжээлийн талбайгаа байгуулж амьжиргаагаа дээшлүүлэх бүрэн боломжтой талаар ярьж байна. Энэ өвлийн зуд малчид цаашдаа хагас эрчимжсэн мал аж ахуйтай болох нь чухал гэдгийг харуулжээ. Зуд болох бүрд 16-18 сая малаа алдаж, 10 000 малчин өрх малгүй болоод байвал улс орны аюулгүй байдалд нөлөөлж эхэлнэ.

Тийм учраас мал аж ахуйн салбарыг шинэчлэх нь зайлшгүйг Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр санаачлагчид онцолж байна. Тиймээс Засгийн газар малын тоо биш чанар чухалчилдаг бодлого руу шилжиж байгааг зарлалаа. Малчид 1 жил хагас тэжээсэн нэг үхрээ 1 сая гаруй төгрөгөөр ченжид борлуулж байна. Харин цаашаа хэрэглэгч рүү 5-6 сая төгрөгийн үнэд хүрч очдог. Хэрвээ анхан шатны боловсруулалтаа хийж чаддаг, өвс тэжээлээ өөрсдөө хангалттай бэлддэг бол зах зээлд нийлүүлж байгаа 5-6 сая төгрөгийн хагас нь малчдад ирэх боломжтой. Ингэж байж малчид чинээлэг болно. Тэд заавал хот руу ажил хайж их нүүдэл хийх шаардлагагүй. Засгийн газраас санал болгож буй Хоршооны гишүүн малчны зээлийн хүү 6 хувь. Хугацаа 36 сар, эхний 12 сар үндсэн төлөлтгүй. 20 сая төгрөг хүртэлх зээлийг Зээлийн батлан даалтын сангаас 100 хувийн батлан даана. 20-40 сая төгрөгийн зээл 90 хувь, 40-50 сая төгрөгийн зээлийг 80 хувь батлан даах юм. Хамтран зээлдэгчтэй, барьцаа хөрөнгөтэйгөөр зээлээ авна. Барьцаа хөрөнгө нь мал, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болон ирээдүйд олох орлого байна гэж үзжээ. Энэ загварыг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Зээлийн энэ загвар бол хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, шинэ хөдөөг бий болгоно гэж санаачлагчид тодотгож байна.

Малчид энэ зээлээ өдөр тутмын хэрэгцээндээ зарцуулахгүй, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, цех байгуулахдаа ашиглах шаардлагыг тавина. Шинэ Зеланд улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд хонины тоо толгойг 45 хувь, махны чиглэлийн үхрийг 17 хувиар бууруулсан байна. Гэхдээ малаас гарах ашиг шим нь өсжээ. Тодруулбал, 1 малын ДНБ-д бүрдүүлж буй дүн нь 59 ам.доллароос 311 ам.доллар болж нэмэгдсэн байна. Харин манай улс 2010 оноос хойш нийт малын тоо толгой 97 хувиар өссөн ч, 1 малын ДНБ-д бүрдүүлж буй дүн 31 ам.доллар. Энэ дүн малчид үйлдвэрлэгч байх шилжилтийг хийх шаардлагатайг харуулж байна