ВИДЕО: Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Япон болон Филиппиний арлуудад цунамигийн түгшүүр зарлалаа

ВИДЕО: Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Япон болон Филиппиний арлуудад цунамигийн түгшүүр зарлалаа

Өнөөдөр буюу лхагва гарагийн өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарч, Японы өмнөд хэсэг болон Филиппиний арлуудад цунами үүсэх өндөр эрсдэлтэй болсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Хамгийн сүүлийн цагаар 08:11-д газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Тайваний телевизүүд газар хөдлөлтийн голомттой ойролцоох зүүн хэсгийн Хуалиень мужид нурсан зарим барилгуудын дүрс бичлэгийг үзүүлж, хүн нарсан байж болзошгүй гэж мэдээлжээ. Одоогоор барилгын нурангид дарагдаж гэмтсэн болон нас барсан хүмүүсийн тоо тодорхойгүй байна.

Тайваний цаг уурын газраас мэдээлснээр газар хөдлөлт өглөөний 07:58 цагт (2358 GMT) Тайваний зүүн эргээс 15.5 км (9.6 миль) гүнд болсон байна. Энэ нь тус аралд сүүлийн 25 жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Японы өмнөд хэсэг болон Филиппиний арлуудад цунами үүсэх эрсдэлтэй байгаа тул Япон улс өмнөд хэсгийн Окинава мужийн эрэг орчмын бүс нутгийг нүүлгэн шилжүүлэх тухай зөвлөмж гаргажээ. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр, 3 метр (10 фут) хүртэлх цунамигийн давалгаа Японы баруун өмнөд эргийн томоохон бүс нутгуудад хүрэх төлөвтэй байсан бөгөөд газар хөдлөлт 7.5 баллын хүчтэй гэж мэдэгдээд байна. Филиппиний газар хөдлөлт судлалын агентлаг мөн хэд хэдэн мужийн эрэг орчмын оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэж,  иргэдээ өндөр газар руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад байгаа бөгөөд газар хөдлөлт Хятадын Фүжянь мужийн Фүжоу, Шиамэнь, Цюаньжоу, Ниндэ хотод ч мэдрэгдсэн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлээд байна.