Б.Наран: 81 настай хэдий ч эрүүл саруул яваа минь теннис тоглож бие бялдар, сэтгэн бодох чадвараа хөгжүүлсэнтэй минь холбоотой

Б.Наран: 81 настай хэдий ч эрүүл саруул яваа минь теннис тоглож бие бялдар, сэтгэн бодох чадвараа хөгжүүлсэнтэй минь холбоотой

Хүний бие организм, сэтгэл санааг  эрүүл саруул, үргэлж залуугаараа байлгахад спорт асар чухал ач холбогдолтой. Бид энэ удаад Монголын ширээний теннисний амьд домог болсон 81 настай теннисчин Батсүхийн Наран онцлон ярилцлаа.

Тэрбээр Ази тивийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнд өчигдөр сүүлийн тоглолтоо хийсэн бөгөөд 65 жилийн түүхтэй Монголын ширээний теннисний түүхэн гэрч нэгээ бөгөөд тус спортын анхны улсын аварга, анхны спортын мастер, улсын таван удаагийн аварга эрхэм тамирчин юм. Б.Наран гуайг гаднаас нь хараад хэн ч 80 гарсан хүн гэж хэлэхээргүй. Би хаа цэгцтэй, хурдан шаламгай хөдөлгөөнтэй нэгэн байлаа.

ВИДЕО:

-Та одоо хэлэн настай вэ? Ширээний теннис тоглож эхлээд хэдэн жил болж байна?

-Теннис тоглож эхлээд 67 жил болж байна. Одоо би 81 настай.

-Таныг анх теннис тоглож эхэлж байх үеийн Монголд теннисийн спорт ямархуу түвшинд байсан бэ?

-Монголд теннис 1954 онд анх үүссэн. 1959 онд Монголд анхны шигшээ баг бий болж голдуу дунд сургуулийн хүүхдүүд нэгдэж нэг баг болсон юм. Тэр үеэс л Монголд ширээний теннис хөгжих түүхэн үйл явц эхэлсэн дээ.

-Анх яагаад теннис тоглож эхлэх болов?

-Анх манай хашаанд байсан айлын ах Орос явахдаа надад ширээний теннисний зүйлс авчирч өгсөн. Тухайн үед зун байсан тул гэрийнхээ шалны шороог овоолж хатаагаад анх тоглож эхэлсэн дээ. 1956 он юм байна. Түүнээс хойш сургуулийнхаа багт ороод, 1957 онд анхны улсын аваргын тэмцээнд орж миний теннис тоглох замнал эхэлсэн байдаг юм.

-Теннис таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би нийт 5 удаа улсын аварга болсон байдаг юм. Тенниснийхаа буянгаар олон гадаад орноор явсан даа. Анх шигшээд орохдоо 8-р ангид байсан.  Арван жилээ төгсөж,  их сургуульд  элсээд тамирын дээд сургуулийг дасгалжуулагч багш мэргэжлээр төгссөн. Гэвч мэргэжлээрээ огт ажиллаагүй. Сургуулиа төгсөөд гадаад худалдааны яаманд томилогдож гаалийн байгууллагад 40 жил ажилласан. Гэхдээ л энэ бүх хугацаанд теннисээ огт хаяагүй. Теннис бол миний амьдралын салшгүй нэг хэсэг.

-Теннис ер нь хүний биед хэр тустай вэ? Та бол маш залуухнаараа харагдаж байна л даа?

-Теннис биед хэр тустайг надаас харж болох байх. Би одоо 81 настай хэдий ч эрүүл саруул, хөнгөн шингэн байна. Теннис  тоглосноор бие бялдрын хөгжил, хурд хүч, хараа зэрэгт маш их тустайгаас гадна тархиа их ажиллуулдаг. Тухайлбал хурдтай орж ир буй бөмбгийг хаагуур нь яаж зохих вэ гэдгийг маш түргэн хугацаанд бодож сэтгэж чаддаг болдог. Мөн теннисийг 5-аас 89 хүртэл нас харгалзалгүй хэн ч тоглож болдог гэдгээрээ онцлог.

-Та зодог тайллаа шүү дээ. Мэдээж насаараа тоглосон спорт учир хэцүү байсан байх. Тухайн үед танд яаж мэдрэгдсэн бэ?

-Азийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцсон. Нэгэнт нас сүүдэр ийм болсон тул одоо болсон боловуу гэж бодоод Теннисний холбоондоо зодог тайлах хүсэлтээ илэрхийлсэн. Надад бол маш хүнд байсан. Хүний амьдралын 65 жил гэдэг бол урт хугацаа. Теннис гэдэг бол миний амьдралын салшгүй нэг хэсэг байсан тул үнэхээр хүнд басхүү сэтгэл догдолсон мөч байсан.