ВИДЕО: "Ядаж ус шүрш" гэсэн оршин суугчдын хүсэлтийг үл тоож барилга нураасны улмаас тоосжилт үүсэж иргэд гэрийнхээ цонхыг ч нээж чадахгүй байна

ВИДЕО: "Ядаж ус шүрш" гэсэн оршин суугчдын хүсэлтийг үл тоож барилга нураасны улмаас тоосжилт үүсэж иргэд гэрийнхээ цонхыг ч нээж чадахгүй байна

Улаанбаатар хотод төлөвлөлтгүй барилга олноор нэмэгдэж, машин хүн нь багшралдаж байх зуур нэгийг нурааж нөгөөг барьж буй зөвшөөрөлтэй, хууль зөрчсөн наад захын аюулгүй байдал орчны ариун цэврийн стандартыг хангаагүй гэхчлэн зөрчилтэй барилгын ажлууд хаа сайгүй өрнөсөөр байна.

Барилгын ажлыг заасан журмын дагуу явуулах ёстой гэсэн хар дээр цагаанаар тод томруун биччихсэн хууль бий. Тэр нь "Барилгын тухай хууль". Гэтэл үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгуууллагууд хууль дүрмийг баримтлахаас илүү зөрчих гэж, мөрдөхөөс илүү мартаж ажиллаад байна уу гэмээр. Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа үүний нэг жишээ болсон иргэдийг ихээхэн бухимдуулаад буй Баянгол дүүргийн 33-р хороонд байрлах хуучнаар "Amure" зочид буудлыг нурааж буй барилгын явцыг онцоллоо.

ВИДЕО:

Уг барилгын нураах ажил эхлээд арав гаруй хонож байгаа. "Amure" зочид буудал нь зургаан давхар барилга байсан учир барилга нураах гэж нүсэр ажил болох нь мэдээж. Харин тус барилгыг нураахдаа ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулалгүй, эрүүл аюулгүйн шаардлагыг биелүүлээгүйгээс зогсохгүй ус ч цацаагүйн улмаас тоос буртаг ихээр үүсэж оршин суугчид цонхоо ч нээж чадахгүй нөхцөл үүсээд буй юм. Биднийг тус газар очиход орчин барилгын нураалтын ажил бараг дуусаж орчин харагдаж байсан ч хоолой аргам тоосжилттой байв. Гэвч оршин суугчдын хэлж буйгаар энэ тоосжилт нь арав хоногт их хэмжээгээр дарагдаад буй нь энэ гэсэн юм.

Тиймээс арилга нураах ажилтай холбоотойгоор оршин суугчид хороондоо өргөдөл гаргасан гэнэ. Үүнийг бид тус хорооноос тодруулахад, "Иргэдээс барилга нураах ажилтай холбоотой шаардлага ихээр ирж байна. Бид нийслэл рүү уламжилсан. Нийслэлээс шаардах хуудсыг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн гэсэн. Өнөөдрөөс ус цацаж эхэлсэн. Барилгыг хэзээ дуусч, өөр ямар барилга баригдах болоод хэний ямар хамаарал бүхий ийм байгууллага юм гэдэг талаар бидэнд огт мэдээлэл байхгүй" гэсэн юм.

Мөн дээрх зочид буудлын эзэн нь Солонгос хүн байдаг гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл бий. Угтаа Солонгос улсад барилга буулгахдаа мөрддөг журмын дагуу барилга нураахаас өмнө буулгах ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөө гаргаж орон нутгийн холбогдох байгууллагад шалгуулж хэлэлцүүлэг өрнүүлнэ. Уг хэлэлцүүлэгээр зөвшөөрөгдсөн бол хянагч томилох бөгөөд зөвшөөрлөөс хамаарч хянагч нь оршин суугч байх уу? захиргааны ажилтан байх уу? гэдэг шийдэгдэнэ. 

Хоёр дахь алхам нь орчны судалгаа. Барилгыг буулгах төлөвлөгөөг гаргах явцдаа ойр орчмын барилга байгууламжид нөлөөлөл бий эсэхийг нарийн тодорхойлох зэрэг болно. Ингээд барилга буулгалтын ажил аюулгүй байдлын өндөр түвшний гүйцэтгэлтэй, мөн иргэдийн эрүүл цэвэр орчныг дээд зэргээр хангах шаардлагын дагуу ажилладаг. Үгүй бол хуулийн хариуцлага хүлээж, ял эдэлэх заалттай. Эндээс харахад хууль, дүрэм, стандарт Монголд ирээд алдардаг бололтой.

Мөн уг барилгыг нураах ажилтай холбоотойгоор тус бүсийн оршин суугчдаас байр суурийг нь тодруулахад, "Барилга нураах ажил эхлээд арваад хонож байна. Эхэндээ бүр маш хэцүү байсан. Бараг урдах газар харагддаггүй болсон. Өнөөдрөөс арай дээр болж байгаа нь ус цацсантай нь холбоотой байх. Бид олон дахин гомдол гаргасны үр дүнд л ус цацаж эхэлсэн. Гэтэл үр дүн гарсангүй. Бид аль болох хурдан дуусахыг нь л хүлээж байна даа. Өдрийн цагаар цонхоо ч онгойлгож болохгүй хэцүү юм. Мөн барилгын ажил өглөөний есөн цагаас шөнийн 12 цаг хүртэл явагдаж байна" хэмээн бухимдан өгүүлж байсан юм. Барилгын ажил журмын дагуу явагдахгүй, энэ мэт иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхэд ноцтойгоор халдсан явдал цаашид байсаар л байх уу. Энэ асуудалд хэн хяналт тавьж, ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэх асуултыг Нийслэлээс иргэд нэхсээр сууна.

Т.Бямбажаргал