Шар өвс шатаасан хоёр иргэнийг торгожээ

Шар өвс шатаасан хоёр иргэнийг торгожээ

Нийслэлийн хэмжээнд он гарсаар шар өвс шатсан 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дийлэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй бөгөөд ил галын аюулгүй байдал хангаагүйн улмаас гал түймэр гарсан шалтгаан нөхцөл тогтоогдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Майхан толгойн задгайд Иргэн Б шар өвс шатаасны улмаас 13 га орчим талбай гал түймэрт өртсөн тул учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж нэг зуун нэгжээр торгох арга хэмжээ авчээ. Түүнчлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Ар хустайн 15 дугаар гудамжинд зэргэлдээх хоёр айлын хашаанд шар өвсний гал түймэр гарсан талаар зөрчлийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шар өвс шатаасан иргэн Д-г нэг зуун нэгжээр торгож тус тус хариуцлага тооцож ажиллалаа хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.