О.Одгэрэл: “Хил зөрчигчийг матаж, амиа алдахад нь хүргэсэн” гэх гүтгэлгээс болж хөөгдөж явсаар тоолох ч малгүй болсон /ВИДЕО/

О.Одгэрэл: “Хил зөрчигчийг матаж, амиа алдахад нь хүргэсэн” гэх гүтгэлгээс болж хөөгдөж явсаар тоолох ч малгүй болсон /ВИДЕО/

Хэл ам гэдэг хаанаас хөл ургаж, хэн гаргасан нь тодорхойгүй ч нэмэгдэж хасагдаж явсаар байхгүйгээс үйл бүтээж, байгааг дарах хоруу чанартай. Тэгвэл долоон хүний ирээдүй амнаас ам дамжих ярианд идэгдэж үгүй болсон нэгэн харамсалтай явдлыг бид энэ удаа онцлов.

Хэрэг явдлыг товч дурдвал Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум дахь Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр заставд 2020 оны нэгдүгээр сард хил зөрчигч амиа алдсан хэрэг гарсан байна. Улмаар тус нутгийн малчин О.Одгэрэлийг “өөрийн нутгийн иргэнийг матаж, амиа алдахад нь хүргэсэн” гэх яриа гарч хоёр сарын дотор олон жил нутагласан нутгаасаа хөөгджээ. Үүнээс хойш гурван жилийн турш нэгээс нөгөө нутагт сэлгэн амьдарч ирсэн байна. Ингэхдээ хэл амаар доромжлуулж, амь насанд нь заналхийлсэн яриа ч олонтоо сонсож байжээ. Мөн хүүхдүүдээ сургууль дамнуулж, малаа оторлуулж явсаар өдгөө өөрийн 600 малаа барж, хүүхдүүд нь хичээлийн хоцрогдолд орох цаашлаад сургуулиуд авахаа байх нөхцөл үүссэн байна. Иймд тэрбээр нутгаасаа бүр холдож Төв аймгийн Эрдэнэ сумын зорьсон ч мөн л өнөөх хүн гүтгэж мөнгө авсан гэх яриа нь дагасаар тэд өнөөдөр явах газаргүй, гурван жил хүн зочлоогүй гэртээ хүний мөрөөсөл болж, нутгаа мөрөөдөж сууна. Тиймээс бид засаг болон иргэддээ хаягдаж, хэдэн үгнээс болж хөдөлмөрлөх эрхгүй болоод буй малчин О.Одгэрэлийг зорьж, тэдний гэр бүлтэй ярилцлаа.

ВИДЕО:

Тэдний ярьж буйгаар эл явдал 2020 оны нэгдүгээр сард гарсан. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд нутаглах хэдэн малчин хууль бусаар хил зөрчих үедээ баригдаж, улмаар хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр заставд хил зөрчигчдийн нэг болох 50 гаруй насны эрэгтэй амиа алджээ. Үүнээс хоёр хоногийн дараа хил зөрчигчдийг илрүүлсэн н.Мөнхтөр гэх заставын дарга малчин О.Одгэрэлийнхээр зочилж энэ нутагт чи бид хоёр л багтах зайгүй болж байх шиг байна” хэмээгээд мордсон аж. Учир явдлыг ухаж ойлгоогүй эхнэр нөхөр хоёр гайхширч үлдсэн байна. Тэр хэргийн талаар ч тухайн үед сайн мэдээгүй байсан. Гэвч энэ өдрөөс хойш тэднийхээр хүн буухаа больж, эхлээд согтуу сүүлдээ эрүүл хүмүүс хүртэл “ичээч, өөрсдөө үхээч, нутгийн иргэнээ матаж мөнгө авсан гэл үү” гэх мэт хачирхалтай үгс хаях болсон байна.

Улмаар О.Одгэрэлийг сумын төв дээр очиход харсан хүмүүс жигшиж, үеийн нөхөд булан тохойд дуудаж мөнгө нэхэх зэргээр дарамтлах болжээ. Ийм байдал хоёр сар үргэлжилж О.Одгэрэлийг наадамд явах үед нутгийн настан “чи болдоггүй хүн гэнэ. Одоо хаанаас ирсэн тэр нутагтаа харь” гэснээр тэр нүүхээр болсон аж. Мөн энэ үеэр түүний гэргий Б.Шүрэнцэцэгийн ээж “Одгэрэлийг алахад ганцхан сум л хэрэг болно. Яршиг юм уу гээд хараад байж байна” гэх үг сонсож ирснээс хойш хүүхдүүдээ аваад Бүрэнтогтох сумын нутаг руу нүүжээ.

О.Одгэрэл угуул Бүрэнтогтох сумын хүн. Харин гэргий Б.Шүрэнцэцэг нь Цэцэрлэг суманд  дөрөвдүгээр ангиасаа мал маллан амьдарч ирсэн байна.

Ингээд тэд нөхрийн ах дүү хамаатан садан бараадаж Бүрэнтогтох нутагт очиход ах дүү нар нь “олон жилийн дараа ирэхдээ аавын минь нэрийг сэвтээж ямар муу үйл хийгээд ирэв” хэмээн таагүй хүлээж авсан тухай О.Одгэрэл санаашран ярьж байв. Иймд дахин нүүх шаардлагатай болж энэ мэтчилэн Арбулаг, Бүрэнтогтох, Цэцэрлэг сумдаар оторлож өвөлжөөгүй, нэг газраа удаан тогтолгүй хөөгдсөний улмаас мал сүрэг нь олноор үрэгдсэн гэх. Тус айл Бүрэнтогтох сумаас нүүж Арбулаг сумын нутагт очсоны дараа мөн өнөөх яриа газар авч сахалт айлын хүн “та нарыг ядарч яваа юм байх гэж бодсон. Мөнгөөр авч хүн матаж, амь насанд нь хүрчхээд мөнгөндөө цатгалдаад зугтаж яваа хүмүүс байжээ. Яг одоо манай нутгаас зайл” гэснээр дахин байх газаргүй болсон тул арга буюу нутаг руугаа буцсан байна.

Гэвч нутгаасаа гарахдаа захиж өөрийн дөрвөн өвөлжөө, хаваржаандаа үлдээсэн. н.Батсүх болон түүний дүүд “очлоо гэж хэлэхэд” н.Батсүх “тэгэлгүй яах вэ. Нутагтаа ирэх нь зөв” гэж. Гэтэл Цэцэрлэг сумын нутаг руу малаа тууж ороод утас руу нь залгатал аваагүй тул өөр газар гэрээ барьж байтал дээр дурдсан хил зөрчигч гэх нутгийн хүмүүсийн нэгний хамтаар ирж үгээр доромжлон хөөжээ.

Үүнээс хойш хороо бууцнаас нь хөөж, Засга дарга болон сумын цагдаагийн хамт О.Одгэрэлийнхээр зочилж хэдэнтээ сүрдүүлээд нүүх гарын үсэг хүртэл зуруулсан байдаг. Иймээс л онд муу орсон малтай, өвөл хаврыг арай хийнэ давахдаа тэр жил 300 гаруй ямаагаа үхүүлжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн гадуурхал ганц үг, сүрдүүлгээр дуусаагүй. Хангайн зэрлэг амьтадтай газар нутаглаж байхад нь удаа дараа шөнөөр малын хашааг нь дэлгэж, хонийг нь бэлчээснээр 10 гаруй мал чононд бариулсан байна.

Арга ядсан О.Одгэрэл хилийн цэргийн анги нэгтгэлтэй уулзаж, матаагүй гэх бичиг авч, багын хурал дээр буруугүй гэдгийг нь хэлүүлэхээр тохиоролцож найдан хүлээж байсан ч одоог хүртэл энэ асуудлыг дурдаагүй байна. Энэ талаар тайлбар хэлэхдээ “ Танай хоёрдугаар багын хуралд оролцох гэхээр иргэд барьж идэх гээд байна” гэсэн байдаг.

Хил хамгаалах байгууллагад хандсан тухай

Энэ хуралд найдлага тавьж О.Одгэрэлийн гэргий ээжийн хамт явж очиход хэн ч, юу ч хэлээгүй бөгөөд тэдний газар авах гэсэн өргөдлийн багийн арга нь иргэдтэй хуйвалдаж хүчингүй болгоход хавчигдаж байна гэдгээ маш ихээр мэдэрсэн тухайгаа Б.Шүрэнцэцэг ярьж байлаа.

Газраа вахаар Засаг даргадаа өгсөн өргөдөл

Түүний хувьд ахин дахин нутгаасаа нүүхийг шаардаж ирдэг байсан Чулуунбат гэх цагдаа засаг дарга Анхбаяр нарт хэдэнтээ гомдож, уйлан байж “бид ямар гэм хийсэн болоод 7,8 жилийн ял өгнө гэж сүрдүүлж байгаа юм” гэх үгнээс болж өдгөө түүнийг хаа явсан газар нь “хэцүү айл ялангуяа эхнэр нь хэцүү” гэх мэт үгс дагах болжээ. Энэ нь мэдээж Шүрээгийн таамаглаж буйгаар иргэн биш засаг дарга ардаас яриад байна гэх хардлагыг төрүүлсэн байна.

Хилийн цэргийнхнийг буруутгах болсон шалгаан нь О.Одгэрэл ээлжит нэг нүүдлээ хийж байтал амиа алдсан хил зөрчигчтэй хамт явсан гэх залуу ирж “ах эгч хоёр минь та хоёрыг биднийг матсан гэх яриа цэргийн ангиас л гарсан шүү. Тэд л ийм асуудалд оролцуулчих шиг боллоо. Надад өөр хэлэх юм алга даа” хэмээгээд мордсон аж. Тиймээс л ярианы эх сурвалж гарцаагүй цэргийн анги болж таарч л дээ.

Иргэд нь ч гадуурхаж, засаг нь тоохоо больсон энэ айл арга үгүй дахин нүүж одоогоор Төв аймгийг Эрдэнэ суманд ирж өвлийг давжээ. Гэвч мөнөөх яриа гарч хийх гэж байсан ажил нь цуцлагдсан байна. Үүгээр ч зогсохгүй нэлээд дотно болоод байсан саахалтын ах нь “хэд хэдэн хүнээс сонслоо. Танайх яг юу хийсэн айл юм. Шулуухан хэлэхэд эртхэн зам мөрөө хөөцгөөе” гэжээ. Иймд хийсэн хэрэггүй, ярьсан буруугүй байхад болно биз дээ гэх тэдний найдлага тасарч арга буюу таван хүүхдийнхээ ирээдүйг бодсондоо энэ муу нэрийн үнэн зөвийг олуулахаар хэвлэлд хандсан нь энэ юм.

Тэдний хэлж буйгаар “муу нэрийг хусавч арилахгүй гэдэг. Бид хоёр яах вэ. Амьдралд нэг удаа том бүдэрч уналаа гээд тэвчиж болно. Гэвч хүүхдүүдийг маань энэ яриа тойрч, нөгөө хэний л хүүхэд гэх нэршилтэй амьдраасай гэж хүсэхгүй байна. Мөн дээрээс нь хаа байсан хүний нутагт ирээд ч бидэнд хөдөлмөрлөх эрх боломж алга” гэх. Харин О.Одгэрэлээс нутаг руугаа буцаж очвол яах бол боломж байгаа болов уу гэж асуухад “хэсэг чимээгүй зогссоноо. Харин яадаг юм бол мал хүн хоёр нутаг шиг сайхан юм байдаггүй л юм байна. Хэдэн адуу маань байж байгаад л гүйдэг байсан. Одоо мөн гурав нь алга бодвол нутаг л явсан байх даа” хэмээн хоолой нь зангирч байлаа.

Ийнхүү гурван жил хүнээс гарч болох бүхий л муухай араншныг хүн бүрээс мэдэрч таван хүүхдээ хамгаалах, тэжээх гэсэн сэтгэл сүүлчийн итгэл найдвараар өөрсдийн амьдралыг дэлгэж буй О.Одгэрэл болон Б.Шүрэнцэцэг нарын уг асуудалд холбогдох байгууллагууд анхаарч цэг тавигдана гэж найдаж байна. Дөнгөж 30 гарч амьдралаа босгож явсан хийе бүтээе гэх хүсэлтэй энэ гэр бүл өнөөдөр хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй, хаяа сэлгэх нутаг үгүй болсон ч тусламж гуйсангүй, нэрээ л цэвэрлэж нутагтаа л харихыг хүслээ.

Нэмж хэлэхэд тэднийг ороосон гэх яриа “Үүнд холбогдсон Хил хамгаалах байгууллага, хилийн цэргүүдэд мэдээлэгчдээ гээд гаргаж өгөх их мөнгө байхгүй шүү дээ. Хаанаасаа гаргаж өгөх билээ дээ. Яаж ч бодсон боломжгүй зүйл” гэтэл үг гэдэг хортойг мэдэлгүй хэн нэгний амнаасаа гарсан гарцаагүй худал энэ үг. Өрх гэрийн амьдралыг сүйрүүлж эхнэр нөхөр хоёрын мянган шөнийн нойрыг сэтгэл зовнилоор сольжээ.