Д.Чойжамц: Туулай жилд төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, сайн үйлсэд хичээгч нэгэн болно

Д.Чойжамц: Туулай жилд төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, сайн үйлсэд хичээгч нэгэн болно

Сар шинийн баярыг угтаж, Монголын Бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Хамба номун хан, гавж Д.Чойжамц ард түмэндээ хандан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Та бүхнийхээ амар амгаланг айлтгая. XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жил гарч байна. Энэ туулай жилийг монголчууд билэгшээж үздэг. Сайхан жил болдог. Шинэ жил гарна гэдэг бол бидний цаг хугацааны үргэлжлэл байгаа юм. Тийм учраас ард иргэд сүсэгтэн олон өнгөрсөн хугацаанд өөрийнхөө амьдралд сайн сайхан ямар зүйл хийсэн тэр хэрээрээ амьдрал сайхан үргэлжилдэг жам хуультай. Энэ жил үзэсгэлэн болгогч гэдэг ёгт нэртэй. 60 жилд бүгдэд нь ёгт нэр байдаг. Тэр ёгт нэр нь цаад талдаа утга санаа илэрхийлдэг. Зарим жил тааруухан билигдлийн үг байдаг боловч, ээлжлээд жилийнхээ өнгөөр явдаг. Утгыг нь Цагаан лянхуа сударт "энэ жил төрсөн хүүхэд их үзэсгэлэнтэй, ухаан төгөлдөр, буян хийгээд сайн үйлсэд хичээгч нэгэн болно” гэж нэрний хувьд үзсэн байна. Мөн энэ жил цаг агаар сайхан, цаг үедээ бороо хуртай байна. Дээдэст сайн, дунд улсад дунд зэрэг, нялхаст жаахан тиймэрхүү гэж байгаа. Онцлоход, залуу гэр бүлд төрөлт арвижихын шалтгаан байна гэж зурагдсан байна. Мөн хавар хийгээд дөрвөн улирлын эхээр хуртай, хүйтэн болох учраас хүйтэн талын өвчин буюу бадган өвчнөөс сэргийлж, хувцсан дээр их анхаарах хэрэгтэй гэж байгаа. Иймэрхүү маягийн зурхай гарсан. Жилийн төлөв нэлээн сайн байх янзтай байна” гэлээ.