"Ковидын хууль" хүчингүй болсон тул Соёлын яамны С.Оюунбилэг, ЭМЯ-ны Ц.Эрдэмбилэг нар өнөөдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ

"Ковидын хууль" хүчингүй болсон тул Соёлын яамны С.Оюунбилэг, ЭМЯ-ны Ц.Эрдэмбилэг нар өнөөдрөөс эхлэн ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ

“Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ дууссан.

Уг хуулийн үйлчлэлийн хүрээнд 1036 хүнийг төрийн албан тушаалд шалгалт авахгүйгээр томилсон байдаг. Тэгвэл хуулийн үйлчлэх хугацаа дууссанаар тэдгээр албан тушаалтнууд өнөөдөр /2022.01.02/-өөс эхлэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох учиртай юм. Тодруулбал, “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3.2-д, "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заажээ.

Харин хуулийн 3.2-д заасны дагуу Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Ц.Эрдэмбилэг, Боловсрол шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг нарыг томилсон.

Харин эдгээрээс Боловсрол шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн тусгай шалгалтаа өгч албандаа жинхэлсэн бол Ц.Эрдэмбилэг, С.Оюунбилэг нар өнөөг хүртэл шалгалтаа өгөөгүй байгаа аж. 

Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Э.Дашдэмбэрэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Э.Тамир, Соёл урлагийн агентлагийн дарга Ц.Нацагдолгор, Иргэний нисэхийн ерөнхий газар С.Мөнхнасан, Усны газрын дарга Ш.Мягмар, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нарын 17 хүнийг ковидын хуулиар томилсон байдаг юм.

Харин өдгөө Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Болор-Эрдэнэ, Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нар уг албанаас чөлөөлөгдөөд байгаа бол бусад нь ажлаа хийж байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Төрийн албаны зөвлөлөөс Ковидын хуулийн үйлчлэх хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор тус хуулийн дагуу томилогдсон албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өгөөд байгаа аж. Тэгэхээр Ковидын хуулийн үйлчлэх хугацаа дууссан учир дээрх албан тушаалтнууд өчигдөр /2023.01.01/-ний өдрөөс эхлэн төрийн ажлаа хэвийн үргэлжлүүлэх эрх зүйн хувьд боломжгүй болж байгаа юм.