ТОДРУУЛГА: Хог хаяагүй байж торгуулсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө торгуулаад бухимдаж байна

ТОДРУУЛГА: Хог хаяагүй байж торгуулсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө торгуулаад бухимдаж байна

Иргэн О.Мөнхтөр нь энэ сарын 14-ны өдөр /2021.05.14/ өөрийн цахим хуудаснаа "CU-ээс хоол аваад талбайн урд талын сааданд идэж байтал цагдаа ирээд 10.000 мянган төгрөгөөр торголоо. Олон нийтийн газарт хоол идсэн гэх үндэслэлээр торгосон. Савхны гадна талын хуруун чинээ цаасыг хүртэл хаяхгүй гэж хармаалж явсан юм. Хармаалж явсан хогоо гаргаж ирж үзүүлсээр байтал тоохгүй торголоо" хэмээн бичсэн.

Харин Цагдаагийн ерөнхий газраас уг мэдээллийг үгүйсгэж  "Тухайн иргэнийг хоол идсэн гэж торгоогүй. Олон нийтийн газарт хог хаясан учир торгосон. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. Мөн уг мэдээллийг бичсэн иргэн бус өөр иргэн торгуулсан" гэлээ.

Тэгвэл бид иргэн О.Мөнхтөртэй холбогдож доорх тодруулгыг авлаа.

-ХООЛ ИДСЭН УЧРААС НЭГИЙГ НЬ ТОРГОЁ ГЭЭД ТОРГОСОН-

-Тухайн өдөр болсон үйл явдлын талаар бидэнд мэдээлэл өгөөч?

-Машинаа их дэлгүүрийн ойролцоо зогсоол олж тавиад түгжрэлтэй болохоор нь алхаад Гадаад харилцааны яам, Монгол улсын их сургууль зэрэг газруудаар бичиг баримт хөөцөлдөх зуур найзтайгаа хамт CU орж хот дог, гоймон, ус хийлгэж аваад гарсан. Идэх зүйлээ барьж явсаар Сүхбаатар талбайн урд сааданд хүний хөлөөс хол сууж идсэн. Өдөржин алхсан болохоор хөлөө амрааж, гутлаа тайлаад сууж байтал дэд ахлагч н.Батдэлгэр гэдэг цагдаа ирж коронавирусийн цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдал шар зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийн газарт хоол идсэн гэж торгоно гэсэн. Гэвч торгуулийн хуудас нь хог хаясан гэж бичсэн байсан.

-Торгож буй үндэслэл нь олон нийтийн газар хоол идсэн гэсэн боловч торгуулийн хуудсан дээрээ яагаад хог хаясан гэж бичсэн шалтгааныг асуусан уу?

-Тэр цагдаа "Хоол идэж байгаа чинь өөрөө хог тарьсан гэсэн үг" гэж хэлсэн. "Савхны гадна талын хуруун чинээ цаасыг ч хаяхгүй гэж халаасласан. Энэ байна" гээд гаргаад үзүүлтэл авч хэлэлцэхгүй, торгууль бичсэн. "Сануулаад өнгөрөөж болохгүй юм уу" гэхэд "За тэгвэл ядаж нэгийг нь торгоё" гээд арван мянган төгрөгөөр торгосон. Би гудамжинд хог хаях нь битгий хэл цонхоороо тамхины иш хаядаггүй хүн. Миний машин өөрөө хогийн сав л гэсэн үг. Машиндаа л хогоо авч явдаг даа.

-Таны сууж байсан ойр хавьд чинь хог байсан уу?

-Сүхбаатрын талбайд хэд алхаад л ойр, ойрхон хогийн сав байдаг болохоор хүмүүс хог хаяхгүй, хог ч байгаагүй.

-Цар тахлын үед халдвар хамгааллаа сайн баримтлах хэрэгтэй шүү дээ. Та вакцинжуулалтдаа хамрагдсан уу?

-Би хоёр дахь тунгаа хийлгээд 14 хоносон.

-Цар тахал гээд хоол үйлчилгээний газарт үйлчлүүлж болохгүй байгаа шүү дээ. Ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Өглөө гэрээсээ долоон цагт гарсан. Гарахдаа өдөр идэх хоолоо аваад гарвал халуун машинд өдөржин байхаар муудах байх гээд авч гараагүй. Өдөр нь гэртээ ирээд хоол идье гэхээр хаа байсан Яармагт ирээд буцаад гарвал түгжрэлд өдрийг дуусгах болохоор машинаа төвд орхиод төв хэсгээр алхаж явсан. Би сааданд тамхи татаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй зүгээр түргэн хоол идсэн гэж торгуулж үзлээ.

-ЦЕГ-аас ямар байр суурьтай байгаа вэ?

-Өнөөдөр хэвлэл мэдээллийн төвийн хуудсанд миний нүүр зурагтай торгуулсан постыг худал мэдээлэл гэж улаан тамгаар дарсан байсан. Шалгалтаар хог хаясан нь тогтоогдсон, хоол идсэн гэх үндэслэлээр цагдаагийн алба хаагч иргэнд шийтгэл хүлээлгэсэн гэх үндэслэлгүй ташаа мэдээлэл түгээсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон гэж бичсэн байсан. Хог хаяагүй байж торгуулсан. Хийгээгүй хэргийнхээ төлөө торгуулаад бухимдаж байна. Болохгүй зүйлийг нь постолсныг худал мэдээлэл гэж гүтгэж байна. Тиймээс өөрийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн цагдаа дээр очоод хог хаяагүй, цагдаагийн энгэрийн камерыг шалгаад үз гэхэд камер бичээгүй, ажиллуулаагүй, шүүхэд гомдол гаргаж, асуудлаа шийдвэрлэ гэсэн байр суурьтай байна.

-Болсон үйл явдлын талаарх таны үзэл бодол?

-Цагдаагийн 100 жилийн ой болж байхад ийм мэдээлэл хүргэж байгаад харамсалтай байна. Цагдаагийн алба бол миний хүндэлдэг, бусад хүн доромжлоход өмгөөлдөг алба юм. Миний ах дүү, найз нөхөд гээд өчнөөн цагдаа нар байдаг. Гэвч тэр сайхан албаны нэр хүндийг ганц нэг хүн унагаж байгаад харамсаж байна даа.

Б.АНХБАЯР