Дарханы замыг дөрвөн эгнээ болгох төслийн хүрээнд хөрс хуулалт, далангийн ажил эхэлжээ

Дарханы замыг дөрвөн эгнээ болгох төслийн хүрээнд хөрс хуулалт, далангийн ажил эхэлжээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өчигдөр танилцжээ. Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр эгнээ замын өргөтгөл, шинэчлэлтийн “Багц-1”-ийн хучилт 2020 онд бүрэн дууссан бөгөөд засал, гологдол засварлах ажил энэ онд хийгдэнэ.

Одоогоор ажлын талбайд хөрс хуулалт, ухмалын ажил, далангийн ажил ид өрнөж байна. Сайд Л.Халтар авто замын бүтээн байгуулалтыг газар дээр нь үзэж танилцах явцдаа  гүйцэтгэгч нар тендерт оролцохдоо хэчнээн хэмжээний машин техник, тоног төхөөрөмж, хүч хүчтэй ажиллахаар тооцож төлөвлөж батлуулсан, одоогоор яг талбай дээр түүнээс хэчнээн нь ажил гүйцэтгэж байгаа тоог өдөр бүр, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэлийн мэдээ тайланг долоо хоног бүр графикийн дагуу гаргаж танилцуулах, гэрээнд тусгасан машин техник, тоног төхөөрөмжийг талбайд бүрэн гаргах, хөрс хуулалт, далангийн ажлын удаашралтай байгаа хэсгийг шуурхайлуулах, гүүр хоолойн ажлыг идэвхижүүлэх, хяналт тавих зэрэг үүрэг даалгаврыг төслийн зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудад өглөө.

Мөн Ковид-19 цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх, ариутгалыг байнга хийх тал дээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: ЗТХЯ