С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын зөрчлөөс болж зам засварын ажил зогсов

С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын зөрчлөөс болж зам засварын ажил зогсов

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөл, хорионы хэрэгжилтийн хугацаанд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нарын зөрчилтэй шийдвэрээс болж иргэд, олон нийт хохирч ирсэн. 

Хамгийн сүүлийн жишээ гэхэд тус хоёр албан тушаалтны зөрчилдсөн шийдвэрээс болж Улаанбаатар хотын зам засварын ажил зогссон байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар хөл, хорио тогтоосон хугацаанд зам засварын ажлыг эрчимжүүлэх үүргийг энэ сарын 14-ны өдөр холбогдох албаныханд даалгасан. Гэтэл Улсын онцгой комиссоос хатуу хөл, хориог 12 хоногийн хугацаанд сунгах шийдвэрийг энэ сарын 10-ны өдөр гаргахдаа АЖИЛЛАХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 15 байгууллагын жагсаалтаас Зам засварын компанийг хассан байна. 

Үүнтэй холбоотойгоор 11-ны өдрөөс хойш Улаанбаатар хотод зам засварын ажил огт хийгдэхгүй байгаа аж. Угтаа бол хөл, хорио тогтоосон хугацаанд замын нүхийг бөглөх, хашаа хайсыг завсарлах болон бусад ажлыг амжуулна гэж Нийслэлийн Засаг даргын тамгын газраас төлөвлөсөн байв.

Улсын онцгой комиссын шийдвэрээс болж замын компаниуд ажилгүй энэ төрлийн ажил зогссон ч Хотын дарга Д.Сумъяабазар уржигдар /2021.04.26/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг хийж энэ үеэр зам засварын ажил тасалдалгүй үргэлжлүүлэх ёстой гэж мэдэгдсэн юм. 

Тэгэхээр энэ дагуу ойрын хугацаанд шийдвэр гаргаж засварын ажлыг үргэлжлүүлэх бололтой. Зам засварын компаниуд ч мөн Нийслэлийн Засаг даргын шийдвэр гарвал ажлаа хийхээр хүлээж  буйгаа хэлсэн юм.