МҮЭХ-оос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг шаардлаа

МҮЭХ-оос нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг шаардлаа

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МҮЭ-ийн шахалт шаардлагаар хоёрдугаар 25-ны өдөр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хороо хуралдаж нийгмийн даатгалыг нэмэгдүүлсэн шийдвэрийг нэн даруй цуцлах, 2017 оны Нийгмийн даатгалын хуулд өөрчлөлт оруулах шийдвэр гаргажээ. Гэвч ажил удааширч байна гэж тэрээр үзэж байна. Үйлдвэрчний эвлэлд нэгдсэн 450 гаруй мянган ажилтнууд тасралгүй энэ талаар санал хүсэлтээ ирүүлсэн байна.

Тиймээс МҮЭХ-ноос УИХ, Засгийн газар энэ талаар анхаарлаа хандуулж, нийгмийн даатгал нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцлахыг дахин сануулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд мэдэгдэл хүргүүлжээ. Ажил, орлогогүй болоод буй энэ үед нийгмийн даатгалын нэмэгдүүлэх нь олон аж ахуйн нэгжийг хаалгаа барихад хүргэж, хэдэн мянган хүнийг ажлын байргүй болгох эрсдэл нүүрлээд буй юм.

Хэрэв эрх баригчид шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүйд хүрнэ гэв. Энэхүү хуулийн хэрэгжилтийг долдугаар сарын 1 хүртэл түр хойшлуулаад байгаа юм.