SOS: Хорих ангид гэм, буруутай нь тогтоогдоогүй 200 орчим иргэн коронавирусээр өвчилж олон хоног халуурч байна гэв

SOS: Хорих ангид гэм, буруутай нь тогтоогдоогүй 200 орчим иргэн коронавирусээр өвчилж олон хоног халуурч байна гэв

Хорих 461 дүгээр анги, 409 дүгээр ангид коронавирусийн халдвар нэмэгдэж нөхцөл, байдал хүндэрсэн талаар эх сурвалжууд болон холбогдох мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тодруулбал, тус хорих ангиудад нийт 200 орчим иргэн коронавирусийн халдвар аваад байгаа аж. 

Энэ талаар хуульч Б.Мэргэн "Коронавирусийн халдвараас болж шүүхүүд нь ажиллахгүй байна. Гэтэл хорих 461 дүгээр ангид гэм буруутай нь тогтоогдоогүй байгаа 96 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Мөн суллагдах боломж нь бүрдчихсэн хүмүүс шүүх ажиллахыг хүлээгээд байж байдаг. Нэг хоног ч илүү хоригдоно гэдэг аймшигтай хүний эрхийн зөрчил. Хэлээд явахаар хариуцах хүн алга" гэжээ.

Мөн хорих 409 дүгээр ангид нь нөхөр нь хар тамхины хэргээр саатуулагдаж буй эмэгтэй хэвлэлд ярилцлага өгөхдөө "21 хоногийн өмнөөс хөл хорио тогтоож уулзахыг хориглосон. Тэр хорих ангийн дамжин өнгөрүүлэх хэсэгт халдвар их гарсан гэсэн мэдээлэл бидэнд бий. Бид тэнд байгаа хүнийхээ талаар өмгөөлөгчөөр нь дамжуулан мэдээлэл авч байна.

Нөхцөл байдал хүнд байгаа гэсэн. Манай нөхөр 14 хоног тасралтгүй хүндэрч, өндөр халуурч байна. Гэтэл нэг уут витамин С нээс өөр эм өгөхгүй байгаад хамгийн их санаа зовж сууна. Яагаад халуунтай хүнд халууны эмч өгөхгүй, зааврын дагуу халдварын эмчилгээ хийхгүй байгаа юм бол гэдгийг тус хорих ангийн даргад хэлэхэд огт тоогоогүй.

Манай нөхөр хорих ангид ороод халдвар авсан. Тийм болохоор нь эм тариа өгөх гээд олон хоног хөөцөлдөж байна. Гаднаас юм оруулахгүй гээд халгаадаггүй. Манай нөхөр уушгины өвчтэй нурууны хүнд хагалгаанд орж байсан" гэжээ. 

ДҮГНЭЛТ: Хорих ангиудад нөхцөл байдал хүндэрсэн. Олон хүний биеийн байдал хүнд байна. Тэдний ихэнх нь гэм буруутай нь эсэх нь тогтоогдоогүй. Гэтэл хорих ангид  эмчилгээ хийж буй эсэх нь тодорхойгүй байна гэж ар гэрийнхэн нь ярьж эхэллээ. Суурь өвчтэй хүмүүс халдварын улмаас нас барж эхэлбэл яах вэ. Үүнд ШШГЕГ болон Хорих ангиудын удирдлагууд анхаарлаа хандуулж хүний эрхийн зөрчил гаргахгүй байх шаардлага бий.