Халдвар авсан хүүхдүүдийн бөөр болон мэдрэлийн эс гэмтэх, үс нь унах шинж тэмдэг ажиглагдаж байна гэв

Халдвар авсан хүүхдүүдийн бөөр болон мэдрэлийн эс гэмтэх, үс нь унах шинж тэмдэг ажиглагдаж байна гэв

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн коронавирусийн нийт тохиолдлын 20 хувь буюу 4412 нь 0-17 насны хүүхдүүд байна гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан мэдээлсэн. Тодруулбал,0-4 насны хүүхэд 23.4 хувь, 5-9 насны хүүхэд 31.9 хувь, 10-14 насны хүүхэд 30.7 хувь, 15-18 насны хүүхэд  нийт өвчтөнүүдийн 14 хувийг эзэлж байгаа аж.

Ковидоор өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх тохиолдол харьцангуй бага байгаа ч хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учраас дархлаа тогтоогүй, хүндрэх эрсдэлтэй байгаа аж.

Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг хүүхдүүд дангаараа эзэлж байна. 14-өөс доош насны хүүхдүүд уг өвчнөөр хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа хэдий ч эрсдэл нь маш өндөр хэвээр. Хэрвээ хүүхэд ковидын халдвар авбал зүрх, судас, амьсгалын зам, бөөр болон мэдрэлийн эд эс нь гэмтэх аюултай. Коронавирус маш олон эд, эрхтнийг гэмтээдэг тул эдгэрсний дараа ч удаан хугацаагаар ядрах, үс нь унах зэрэг шинж тэмдэг бүртгэгдэж байна. Коронавирус мэдрэлийн эсийг ч гэмтээх эрсдэлтэй тул томуу шиг бодож, тайвширч болохгүй” гэдгийг анхаарууллаа.