Орон нутгаас дайчлагдан ажилласан эмч, ажилтнууд өчигдөр нутаг буцжээ

Орон нутгаас дайчлагдан ажилласан эмч, ажилтнууд өчигдөр нутаг буцжээ

Улаанбаатар хотод коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн тандалт судалгааны багийг өргөжүүлэх зорилгоор 16 аймгаас нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй эмч, эмнэлгийн ажилчдыг дайчлан ажиллуулахаар болсон билээ.

Харин орон нутагт цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой орон нутгаас томилогдон ирсэн эмч, тархвар судлаач, сувилагч, жолоочийн бүрэлдэхүүнтэй багууд нэг сарын хугацаанд ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээний багт дайчлагдан ажиллан, ажил үүргээ амжилттай сайн биелүүлж, өчигдөр /2021.04.19/ нутаг буцжээ.

Орон нутгийн эмч ажилчдын төлөөллийг ХӨСҮТ-ийн удирдлагууд хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлэхдээ "Хүнд хэцүү, завгүй цаг үед та бүхэнтэйгээ уулзаж байна. Та бүхэн маань энэ цагийн баатрууд юм шүү. Удахгүй бид хамтдаа энэ цаг үеийг эрсдэл багатай даван туулаад энх цагт уужуу тайван дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Эндээ сурсан мэдсэн зүйлээ аймаг орон нутагтаа хэрэгжүүлж, бусдадаа түгээн өөрсдөө эрүүл энх байж, аюулт өвчнийг даван туулахыг ерөөе. Өргөсөн тангарагтай үнэнч байж, хүнд цаг үед хүч нэмэгдүүлэн ажилласан та бүхэндээ баярлалаа" гэв.