Долоо хоногийн хугацаанд халдвар авсан хүүхдийн тоо 1321-ээр нэмэгдэв

Долоо хоногийн хугацаанд халдвар авсан хүүхдийн тоо 1321-ээр нэмэгдэв

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЭМЯ-аас "манай улсад нийт 3091 хүүхэд коронавируст халдвар авсан" талаар мэдээлж байв. Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайханы мэдээлснээр халдвар авсан хүүхдийн тоо 4412 болжээ. Өөрөөр хэлбэл, долоон хоногийн хугацаанд 1321 хүүхэд шинээр COVID-19 халдвар авсан гэсэн үг юм.

Халдвар авсан хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл,

  • 0-4 насны хүүхэд 23,4 хувь
  • 5-9 насны хүүхэд 31,9 хувь
  • 10-14 насны хүүхэд 30,7 хувь
  • 15-18 насны хүүхдүүд 14 хувийг тус тус эзэлж байна. 

“Хүүхэд хүнд хэлбэрийн коронавирусээр өвчилбөл, амьсгалын зам, зүрх судас, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эсийг гэмтээх эрсдэлтэй. Коронавирус хүний олон эд эрхтнийг гэмтээдэг. Халдварын дараа ядрах, үс унах гэх мэт шинж тэмдэг илэрсэн тохиолдлууд бүртгэгдэж байна. Тиймээс үүнийг зүгээр нэг ханиад гэж үзэж болохгүй. Хүүхэд вакцин хийлгээгүй учир дархлаагүй байгаа” гэдгийг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан хэллээ.