"Эрдэнэт"-ийн албан тушаалтнуудыг АТГ-аас цагдан хорих шаардлагатай гэхэд Орхоны шүүхээс "аймгаас гаргахгүй" гээд татгалзжээ

"Эрдэнэт"-ийн албан тушаалтнуудыг АТГ-аас цагдан хорих шаардлагатай гэхэд Орхоны шүүхээс "аймгаас гаргахгүй" гээд татгалзжээ

Өнгөрсөн долоо хоногт /2021.03.25/ Авлигтай тэмцэх газар /АТГ/-аас Эрдэнэт үйлдвэрийн хоёр ажилтанг саатуулсан талаар бид мэдээлсэн.

-Ж.ГАН3ОРИГ, О.МАРАЛ-ЭРДЭНЭ НАР АШИГ ХҮРТДЭГ КОМПАНИТАЙГАА ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ТӨЛӨӨЛӨН ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ БАЙСАН УУ -

Тодруулбал, тус үйлдвэрийн Хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригоос гадна мэргэжилтэн О.Марал-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, тендерт оролцсон аж, ахуй нэгжээс авлига, хахууль авсан гэх хэрэгт сэжиглэн хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд саатуулсан гэх мэдээлэл бий.

Тэгвэл АТГ, Нийслэлийн прокурорын газраас Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нарыг албан албан тушаалаас нь түдгэлзүүлж, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авахаар Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй байна. 

Тодруулбал, дээрх албан тушаалтгуудад цагдан хорих арга хэмжээ авах асуудлыг энэ сарын 26-ны өдөр /2021.03.26/ Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхэд хэлэлцээд цагдан хорих прокурорын саналыг хүчингүй болгож, О.Марал-Эрдэнийг Орхон аймгаас гарахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжийг илтэд хязгаарласан шийдвэр гэж холбогдох албаныхан үзэж байгаа аж. Учир нь АТГ-аас дээрх хүмүүсийг Улаанбаатарт шалгах хэрэгцээ шаардлага байгаа аж. 

- ПРОКУРОРЫН ЦАГДАН ХОРИХ САНАЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ ШҮҮГЧ НӨЛӨӨЛӨЛД АВТСАН УУ-

3арим эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх шийдвэрийг гаргасан Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэгийн нөхөр, хөвгүүд болон бэр нь Эрдэнэт үйлдвэрт ажилладаг аж. Тодруулбал, нөхөр О нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т цахилгааны инженер, хүү Н нь тус үйлдвэрт цахилгаанчин, хүү Б нь гагнуурчнаар ажилладаг учир түүнийг хамаарал бүхий этгээдийнхээ нөлөөнд автаж дээрх шийдвэрийг гаргасан гэх хардлага байгаа аж.

Дашрамд дурдахад, хэрэгт холбогдоод байгаа Ж.Ганзориг, О.Марал-Эрдэнэ нь бусдын нэр дээр бүртгүүлж өөрсдөө үйл ажиллагааг нь гардан явуулдаг, ашгийг хүртдэг компаниудтайгаа Эрдэнэт үйлдвэрийг төлөөлөн Худалдах худалдан авах гэрээ байгуулж үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байгаа ажээ.  Бид энэ талаар Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн тамгын газрын ажилтан н.Дуламсүрэнгээс тодруулахад "Дээрх шийдвэрийг гаргасан нь үнэн" гэлээ.