Шинжилгээний хариуг бүлэглэн хуурамчаар гаргаж, 60 мянган төгрөгөөр зардаг байж болзошгүй нөхцөл илэрчээ

Шинжилгээний хариуг бүлэглэн хуурамчаар гаргаж, 60 мянган төгрөгөөр зардаг байж болзошгүй нөхцөл илэрчээ

Энэ сарын 17-ны өдөр /2021.03.18/ Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Эрүүл мэндийн яаманд ажиллах үеэр “ХӨСҮТ-д ноцтой асуудал байна. ХӨСҮТ-ийн ажилтан танилынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан байна.  Тодруулбал, эхнэр нь нөхрийнхөө өмнөөс шинжилгээ өгдөг байжээ” гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татсан. 

Шадар сайд С.Амарсайханы ярьсан дээрх мэдээллийн мөрөөр ХӨСҮТ-өөс дотооддоо хяналт, шалгалт хийлгүүлэхээр энэ сарын 17-ны өдөр цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж маргааш нь /2021.03.08/ ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг тус эмнэлэгт ажилласан байдаг. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны сувилагч өөрийн хамаарал бүхий иргэнд PCR шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж өгсөн. Үүнийг цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж, шалгаж байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн албан тушаалтнууд цар тахлын үед хууль бусаар тендер зохион байгуулж, мөнгө завшсан талаарх гомдол УОК-т ирсэн. Цагдаагийн байгууллага энэ асуудлыг шалган албан тушаалтнуудтай холбоотой гэж үзээд АТГ-руу шилжүүлсэн” гэж мэдээлсэн юм. Уг асуудалтай холбоотойгоор дээрх ажилчдыг ажлаас нь халсан гэж ХӨСҮТ-өөс мэдэгдсэн. 

-ГАНЦ СУВИЛАГЧ БУС БҮЛЭГЛЭЛ ХУУЛЬ БУСААР ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРГАЖ, ДАМЛАН ЗАРДАГ БАЙЖ БОЛЗОШГҮЙ-

Цагдаагийн байгууллагын шалгалтаар ганц сувилагч бус хууль бусаар шинжилгээний хариу гаргаж, дамлан зардаг бүлэглэл ХӨСҮТ-д бий болсон байх магадлал байгааг шалгалтаар тогтоосон гэх мэдээлэл байна. Тодруулбал, шинжилгээ авдаг сувилагч, хариу гаргадаг лабораторийн оношлогч, сорьц тээвэрлэдэг жолооч, сайт руу шивдэг ажилтнууд хамтарсан байж болзошгүй байгаа аж. Мөн дөрвөн лабораторийн нэг нь шинжилгээний хариуг хуурамчаар гаргаж, нэг тус бүрийг 60 мянган төгрөгөөр зардаг байсан байх магадлалтай байна.