“Монос”-ын вакцин нийлүүлэх хүсэлтийг баталгаажуулжээ

“Монос”-ын вакцин нийлүүлэх хүсэлтийг баталгаажуулжээ

Манай улс энэ сарын 23-наас эхлэн БНЭУ-д үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаар иргэдээ вакцинжуулах ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 20 мянга гаруй иргэн вакцинд хамрагдаад байгаа юм.

Харин хувийн хэвшлүүд вакцин оруулж ирэхдээ Засгийн газар болон ЭМЯ-наас зөвшөөрөл авах ёстой бөгөөд энэ талаар “Монос” группын захирал Л.Эрдэнэчимэг ЭМЯ-ны зөвшөөрлийг хүлээж байгаа талаараа твиттер хуудсандаа мэдэгдэж байсан. “Монос” групп Их Британид үйлдвэрлэсэн “AstraZeneca” вакцинаас 300 мянган тунг оруулж ирэхээ өмнө нь мэдэгдсэн бөгөөд хувийн хэвшлүүд вакцин оруулж ирвэл манай улсын вакцинжуулалтын хурд нэмэгдэх боломжтой талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Одоогийн байдлаар ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлд эм ханган нийлүүлэх гурван байгууллага коронавирусийн вакцин оруулж ирэх хүсэлт өгснөөс “Монгол эм импекс концерн” 10 мянган тун Спутник V импортлосон байна. Харин “Монос” компаний вакцин нийлүүлэх хүсэлтийг Хүний эмийн зөвлөл хэлэлцэж баталгаажуулсан бол “Ач-Үр”-ийнх хэлэлцээрийн шатанд явж байгаа ажээ.