Ц.Тувааныг АН-ын дэд даргаас чөлөөлж, Намын дарга, Ерөнхийлөгчийг сунгаагаар тодруулъя гэж шийджээ

Ц.Тувааныг АН-ын дэд даргаас чөлөөлж, Намын дарга, Ерөнхийлөгчийг сунгаагаар тодруулъя гэж шийджээ

Өчигдөр /2021.01.31/ АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны ээлжит бус хурлыг С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс зарлан хуралдуулсан байна. Учир нь тус намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны хэрэглэж байсан АН-ын тамгыг Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас хүчингүй болгосон. 

Ингэснээр өнөөдөр Улсын дээд шүүх болон УБЕГ-т “АН-ын дарга С.Эрдэнэ” гэж бүртгэлтэй байгаа учир тэрээр АН-ын дараагийн даргыг сонгогдох хүртэл намаа удирдахаар болоод буй ажээ. Иймд тус хурлыг АН-ын дүрэм болон хуульд нийцэж байгаа хүчин төгөлдөр хурал гэж үзэж болох юм. 

-АН-ЫН ДАРГА С.ЭРДЭНЭ ГЭЖ УДШ-ИЙН ЦАХИМ БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ ГАРГАХААР БОЛЖЭЭ-

Тэгвэл өчигдөр болсон АН-ын ҮБХ-ны хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Тухайлбал, нэгдүгээр сарын 14-ны өдөр болсон УДШ-ийн хурлаар “АН-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан” гэж тус шүүхийн цахим бүртгэлд бүртгэсэн байсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд дараагийн АН-ын дарга сонгогдох хүртэл Ардчилсан намыг төлөөлөх эрх, үүрэг С.Эрдэнэд хадгалагдахаар шийдвэрлэж, энэ тухай хүсэлтээ УДШ-д гаргахаар болжээ. Тодруулбал, С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар томилсныг 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Улсын Дээд шүүх бүртгэсэн байдаг ажээ.

Иймд УДШ-ийн цахим бүртгэлд АН-ын дарга С.Эрдэнэ гэж бүртгүүлэх хүсэлтээ гаргахаар болсон гэсэн үг ажээ. 

-АН-ЫН ДЭД ДАРГААС Ц.ТУВААН, Х.ТЭМҮҮЖИН НАРЫГ ЧӨЛӨӨЛЖ Б.ОТГОЧУЛУУ, Ц.АЛТАНЦЭЦЭГ НАРЫГ ТОМИЛЖЭЭ-

Тус ҮБХ-ны хурлаар өмнөх АН-ын дэд дарга Ц.Туваан, Х.Тэмүүжин, Б.Жаргалан, Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нарын хүмүүсийг тус албан тушаалаас нь чөлөөлж, Б.Отгочулуун, Ц.Уртнасан, Ц.Алтанцэцэг нарын гурван хүнийг АН-ын дэд даргаар томилсон байна.

Мөн АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга, гишүүд гэх Б.Мягмардаш, А.Амгалан, С.Ламбаа, А.Зангад, Ж.Төмөрбаатар, Л.Эрхэмбаяр тэргүүтэй хүмүүсийн гарын үсэгтэй “С.Эрдэнэ АН-ын дүрмийг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцохыг Ц.Туваанд даалгасугай” гэсэн албан бичиг гарсан байдаг. Иймд эдгээр хүмүүсийг АН-ын Үндсэн дүрмийн хорооны гишүүдээс хасаж, тэдний оронд Ч.Куланда, н.Оюунбаатар, н.Сэр-Од, н.Цэцэгээ, н.Одончимэг, н.Мэдрээ нарыг томилж шийдвэрлэжээ. 

-АН-ЫН ДАРГА БОЛОН ТУС НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙГ НИЙТ ГИШҮҮДИЙН САНАЛААР СОНГОНО-

Мөн тус хурлаар АН-ын даргын болон Ерөнхийлөгчийн  сонгуульд тус намаас нэр дэвшигчийг тодруулах сунгааг товлон зарлах, зохион байгуулах эрхийг  Дотоод сонгуулийн хороондоо олгосон байна. Учир нь АН-ын дараагийн дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тус намын дүрэмд заасны дагуу нийт гишүүдийнхээ дунд сонгууль явуулж  олонхийн дэмжлэг авсан нэг хүнийг намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр сонгож, их хурлаараа батламжладаг байна. Сонирхуулахад, 2017 онд С.Эрдэнэ АН-ын дарга болоход Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд энэхүү дүрэм, зохион байгуулалтаар явжээ.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө