А.Сүхбатын “Тайван зогсоол” ЗӨРЧЛӨӨ ЗАСАЛГҮЙ, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй долоо хонов

А.Сүхбатын “Тайван зогсоол” ЗӨРЧЛӨӨ ЗАСАЛГҮЙ, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахгүй долоо хонов

Гашуунсухайт боомттой ойролцоо байгуулсан УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын “Тайван зогсоол”-д жолооч нарын эрх, ашиг зөрчигдөж  буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, А.Сүхбатын хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү А.Баттөгсийнх нь эхнэр Г.Буяндэлгэрийн захирлаар нь ажилладаг “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь Цагаан хад, Гашуунсухайтын замд “Тайван зогсоол” байгуулж /зогсоол, зочид буудал, хоолны газар/,  тэндээ богины тээвэрт явдаг нүүрс тээврийн жолооч нарыг 14 хоног хүчээр байлган мөнгө авдаг тухай мэдээллийг хүргэсэн билээ.

-Я.СОДБААТАРЫН ЯРЬСАН АЖЛЫН ХЭСГИЙГ ЖОЛООЧ
НАР ОЛЖ ХАРААГҮЙ ГЭВ-

Хэдийгээр тус компани нь Г.Буяндэлгэр гэх хүний нэр дээр бүртгэлтэй ч энэхүү бизнесийн ард УИХ-ын гишүүн асан А.Сүхбатыг ажиллаж ах, дүүсээрээ халхавч хийсэн байх магадлалтай гэх хардлага байгаа юм.

Болж буй процессыг эргэн сануулбал, “Тайван зогсоол”-д байрлуулсан дан чиргүүлтэй машинаас 10.000 төгрөг, давхар чиргүүлтэйгээс 20.000 төгрөгийг хоног тутам авдаг. Зочид буудлын хувьд хоёр ортой өрөө хоногийн 100 мянган төгрөг бол нэг, хоёрдугаар хоол 9000-12000 төгрөгийн үнээр зарагддаг. Ингээд нэг жолооч дор хаяж зургаа хоноход 60-120 мянган төгрөгийг зогсоолд хэрвээ буудалд байрласан бол 600 мянган төгрөгийг, хоол унданд дор хаяж 120 мянган төгрөгийг зарлагдаж байна гэсэн үг юм.

Гэтэл энэ өдрүүдэд халдвар, хамгаалал нэрийн дор нэг жолоочийг 14 хонуулж буй.Тэгэхээр жолооч нараас авах мөнгө талийж байнаа гэсэн үг.

Гадаа хүйтэрсэн учир жолооч  нар аргагүйн эрхэнд үнэтэй буудалд байрлан, үнэтэй хоол идэж эцэст нь зогсоолын мөнгөө өгөөд гарч байгаа талаар бидэнд учирлалаа. Энэхүү үйлдлийг нүүрс тээврийн жолооч нар эсэргүүцэж холбогдох газруудад хандаад 10 хонож буй  ч одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй албаныхан ирж танилцаагүй, бодит нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийгээгүй яг хэвэндээ бүх зүйл бахь байдгаараа байгаа талаар ярьж байна.

Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар уржигдар буюу энэ сарын 29-ны өдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэр “Нүүрс тээврийн жолооч нарын нөхцөл байдлыг шалгуулахаар газар дээр нь ажлын хэсэг ажиллаж байна. Дүнг удахгүй сонсоно. Тээврийн жолооч нараас шинжилгээ авсан” гэсэн юм.

Тэгвэл энэхүү ажлын хэсэг нь жолооч нарт харагдаагүй, уулзаж мэдээлэл аваагүй гэж эх сурвалж мэдээлэв. Харин 7 хоногийн өмнө коронавирусийн шинжилгээ авсан бөгөөд “Тайван зогсоол”-ын нөхцөл байдалд шалгалт хийж харагдсангүй хэмээн жолооч нар ярьсан юм. Жолооч нарын хувьд “Тайван зогсоол”-д 14 дэхь хоногтоо байрлаж буй бөгөөд Цагаан хаданд дугаарлалт үүсээгүй, ачаалалгүй байхад биднийг явуулж болохгүй юм байх даа гэж ярьсан юм.

-ЖОЛООЧ: ЭНД БҮХ ЗҮЙЛ БАХЬ, БАЙДГААРАА БАЙНА-

Ямартай ч Я.Содбаатарын хэлсэн ажлын хэсэг Өмнөговьд очихдоо жолооч нартай уулзаагүй бололтой. Угтаа бол бодит мэдээллийг жолооч нар л өгч, санал гомдлоо хэлэх ёстой юм. Гэтэл яагаад тоож тэдэнтэй уулзсангүй буцав.

Хамгийн ноцтой нь энэ өдрүүдэд “Тайван зогсоол”-д 3000 жолоочийг нэг дор байрлуулчихаад халдвар, хамгааллын дэглэмийг огт сахихгүйн дээр гар ариутгагч, маск, хоорондын зай барих заавар, орчны ариутгал, халдваргүйтлийг огт хийдэггүй нийтийн нойл нь гэхэд л маш бохир байгаа тухай санал, гомдол өнөөдөр ч жолооч нараас гарч байна. Ийм бохир орчинд вирус тархах өндөр магадлалтай. Эрсдэлтэй орчинд баймааргүй байна гэдгийг тэдний зүгээс хэдэнтээ сануулаад байна.

Улс, аймгийн онцгой комиссоос шийдвэр гарчихаад байхад “Тайван зогсоол”-д халдвар, хамгааллын дэглэм яагаад мөрдөхгүй байна вэ, яагаад алдаагаа засахгүй байна вэ.