Завханаас Г.Занданшатарыг авах гэж Улаанбаатар-Ховд чиглэлийн онгоц маршрутаа зөрчсөн үү

Завханаас Г.Занданшатарыг авах гэж Улаанбаатар-Ховд чиглэлийн онгоц маршрутаа зөрчсөн үү

2019 оны Долдугаар сард Баянхонгор аймагт болсон “Ламын гэгээний мэлмий гээсний 380” жилийн ойд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцохоор явахдаа баруун аймгийн чиглэлд хөөрөх гэж байсан Aero Mongolia компанийн нислэгээс хоцорч, тус онгоц түүнийг хүлээснээр, иргэдийг багагүй чирэгдүүлсэн байдаг. 

Тэгвэл энэхүү үйл явдал саяхан дахин давтагдаж, Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан иргэдэд багагүй чирэгдэл учруулсан байж болзошгүй байна.

Тодруулбал, өнгөрөгч өдрүүдэд УИХ-ын дарга Г.Занданшатар баруун аймгуудад ажилласан байна. Тэрээр энэ үеэр Улаанбаатар-Ховд аймгийн чиглэлд нислэг үйлдэж байсан онгоцонд замаас нь суужээ. Ингэхдээ тус чиглэлд нислэг үйлдэж байсан онгоц Хөвсгөл аймгийн Мөрөн суманд зорчигчдоо буулгаад, тэндээс Завхан аймаг руу нисэж УИХ-ын дарга Г.Занданшатарыг аваад буцаж Мөрөн суманд ирж, Улмаар түүнийг тус суманд буулгаад дахин зорчигчдоо суулгаад, нислэгээ цааш нь үргэлжлүүлсэн байж болзошгүй байна.

Энэ талаар нэг иргэн ийнхүү мэдээлжээ. 

Харин түүний энэхүү мэдээлэлд иргэд “Цаг хугацаа ямар үнэтэй байдгийг яагаад мэдэрдэггүй юм бэ. Иргэд алдсан цаг хугацаагаа нэхэмжлэх хэрэгтэй. Төрийн удирдлага гээд иргэдийн цаг хугацааг булаадаг байж таарахгүй. Саяхан ЕС Дарханд бас л төвөг удсан дуулдсан” зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.