Л.Мөнхтүшиг: Хилийн чанадад байгаа иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байна

Л.Мөнхтүшиг: Хилийн чанадад байгаа иргэд нутаг буцах хүсэлтээ цуцалж байна

Гадаад харилцааны яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Цар тахал дэгдсэнээс хойш манай улс авто болон агаарын замаар нийт 22,973 иргэнээ эх оронд нь авчирчээ.  Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Агаарын замаар буюу 82 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадын 81 орноос 16,483 иргэн, авто замаар 6,535 иргэн тус тус иржээ. БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан цөөн тооны иргэнийг өчигдөр/2020.09.29/ Замын-Үүдийн боомтоор эх оронд нь нэвтрүүлсэн. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлт гаргаж буй иргэдийн тоо харьцангуй өндөр мэт байгаа боловч сүүлийн үед иргэд хүсэлтээ цуцалж байна.

Өчигдөр Замын-Үүд боомтоор 130 гаруй иргэн орж ирэхээр тооцоолж байсан ч ердөө 30-хан хүн ирсэн. Маргааш ирэх Сиатл-Улаанбаатар чиглэлийн онгоц гэхэд л 10 гаруй суудал хоосон ирж байна. Тиймээс ирэх сард үйлдэгдэх транзит нислэгээр ирэх хүмүүсийн тоог харгалзаж дахин Сиэтл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх эсэхийг шийднэ” гэлээ.

УОК Аравдугаар сард нийт 11 тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авчрахаар төлөвлөөд буй. 11 нислэгийн долоо нь Сөүл-Улаанбаатарын чиглэлд нисэх аж.