Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан иргэний жолоо барих эрхийг 2 жилээр хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэжээ

Эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьсан иргэний жолоо барих эрхийг 2 жилээр хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийтгэжээ

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч А нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2.58 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Тиймээс шүүхээс шүүгдэгч А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан. Монгол Улсын Их хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн байна.