Цемент үйлдвэрлэгчид “ноёлох” болсон тул 20 хувь байсан импортын цементийн татварыг 5 хувь болгон бууруулж УИХ-ын сонгууль, барилгын тендерүүдээ аварлаа

Цемент үйлдвэрлэгчид “ноёлох” болсон тул 20 хувь байсан импортын цементийн татварыг 5 хувь болгон бууруулж УИХ-ын сонгууль, барилгын тендерүүдээ аварлаа

Засгийн газрын өнгөрөгч Лхагва гараг /2024.05.01/-ийн хурлаар импортын цементийн татварыг бууруулах шийдвэрийг гаргасан нь энэ долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Учир нь саяхан Засгийн газраас малын тэжээл болоод гурил импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Харин энэ шийдвэрүүд гарснаар импортын гурил болоод цементийн татвар эрс багасаж, ямар ч хязгаарлалтгүйгээр гаднаас орж ирэхээр болж байна.

ВИДЕО: 

-МАК ЦЕМЕНТ КОМПАНИ ӨМНӨХ ӨДӨР НЬ 283 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙСАН ЦЕМЕНТЭЭ МАРГААШ НЬ 529 МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОН НЭМЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙВ-

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “Импортын цемент 20 хувийн татвартай байгаа бол, Засгийн газрын хуралдаанаас гарсан тогтоолоор импортын цементийн татварыг 5 хувь болгон тогтоолоо. Энэхүү 5 хувь өнөөдрөөс эхлээд хэрэгжинэ. Ямар нэг байдлаар хугацаа тавиагүй, хэмжээ тавиагүй. Ингэснээр дотоодын зах зээл дээр үнийн хөөргөдөл бий болохоос урьдчилан сэргийлж байгаа. 2022 онд дотоодын цементийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийнхээ хувь хэмжээг хэрэглээнээс илтэд багасгасан. Маш богино хугацаанд буюу гуравхан сарын дотор цементийн үнэ гурав дахин нугарч байсныг та бид харж байсан. Энэхүү эрсдэлийг бий болгохгүйн тулд Засгийн газар энэхүү шийдвэрийг гаргаж байна” гэж мэдэгдсэн юм.

Тодруулбал, 2022 онд түлш, тээвэр, нүүрс, ажиллах хүчний зардал, шохойн чулуу зэргийн үнэ тодорхой хувиар нэмэгдсэн гэх шалтгаанаар Хөтөл 24 хувиар, МАК цемент 26 хувиар, Монцемент 28 хувиар цементийн үнээ нэмсэн тохиолдол гарч байв. 2022 онд цементийн үнэ 500-600 мянган төгрөг болж өссөн ч зах зээл дээр хомсдол үүссэн тул Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглах цементийг БНХАУ-аас авч байв.

Мөн “МАК Цемент” компани 2022 оны есдүгээр сарын 21-ний өдөр задгай цементийг 283.600 төгрөгөөр, савласан цементийг 335.600 төгрөгөөр борлуулж байснаа нэг өдрийн дараа буюу 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөгөөр, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь тогтоогдож, тус компанид 5.4 тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-аас оногдуулж байв. Харин 2023 онд цементийн хомсдол болоод үнийн өсөлт үргэлжилсэн. Тухайлбал, 100 айл худалдааны төвд нэг тонн цементийг 460-500 мянган төгрөгт худалдаалж байв. Үүнийг худалдаа эрхлэгчид “Цемент үйлдвэрлэгчид нэгнээ дагаж, үнээ өсгөхөө болих хэрэгтэй” хэмээн шүүмжилж байв.

-Н.НЯМТАЙШИР ЭХНЭР Д.ХУЛАН НАРЫН МАК ЦЕМЕНТ, Н.МӨНХНАСАНГИЙН МОНЦЕМЕНТ КОМПАНИУД ЦЕМЕНТИЙН ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛД НОЁЛЖ БАЙНА-

Манай улс жилдээ 1.8 сая орчим тонн цемент хэрэглэдэг бөгөөд үүнийг "МАК Цемент", "Монцемент", "Хөтлийн цемент шохой”, "Ховд эко цемент" гэсэн дөрвөн компани үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангаж ирсэн. Товчхондоо, "МАК Цемент", "Монцемент" гэсэн цементийн дотоодын зах зээлд давамгай байдалтай эдгээр компаниуд ноёлох үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг юм. Эдгээр компаниудын зах зээлийг хамгаалахын тулд Засгийн газраас 2015 онд импортын цементийн татварыг 20 хувь болгосон байдаг. Гэтэл эдгээр компаниуд сүүлийн жилүүдэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох болсон нь Засгийн газраас импортын цементийн татварыг 5 хувь болгон бууруулах шийдвэрийг гаргасан байж магадгүй байна.

Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөхөд мөн л цементтэй ижил “ноёлох” асуудал тулгарсан байдаг.

Тодруулбал, манай улсын гурилын нийт зах зээлийн 74 хувийг Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын Милл хаус ХХК, П.Цэнгүүний Алтан тариа ХХК, Таванбогдын эзэн Ц.Баатарсайханы Улаанбаатар гурил ХХК, Ц.Баатарсайханы  төрсөн дүү Ц.Отгонбаатарын Од групп ХХК гэсэн дөрөвхөн компани эзэлдэг ба тэд үгсэн тохиролцож гурилын үнийг нэмж, жижиг аж ахуй нэгжүүдийг ч тус зах зээлээс шахаж гаргасан байдаг. Иймд өрсөлдөөнийг нэмэгдүүлэхийн тулд малын тэжээл болоод гурилыг импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг. 

Тэгвэл өдгөө дотоодын цементийн зах зээлд “ноёлж” буй МАК Цемент ХХК-ийг Монголын алт компанийн эзэн Б.Нямтайшир болоод түүний эхнэр Д.Хулан нар эзэмшиж байна. Монцемент Билдинг Материалс ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын охин Н.Мөнхнасан эзэмшиж байгаа юм.

-УИХ-ЫН СОНГУУЛИЙН ҮЕЭР ЦЕМЕНТИЙН ҮНЭ НЭМЭГДСЭН, ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭХ МЕССЕЖ ЯВЖ БОЛОХГҮЙ-

Ерөнхийдөө гадаадын импортын татварыг чөлөөлөх нь буруу бодлого гэж судлаачид үздэг. Учир нь дийлэнх улс орнууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийн тулд импортын татварыг нь өндөр тавьдаг. Гэтэл манай гурил болоод цементийн зах зээлийн хэдхэн компаниуд давамгай байдлаа ашиглан ноёлох үйлдэл гаргах болсон тул Засгийн газраас импортын татварыг чөлөөлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх замаар үнийг буулгах бодлого барьж эхэлж байгаа нь энэ. 

Нөгөө талаар импортын цементийн татварыг 5 хувь болгож байгаа нь УИХ-ын сонгууль, Засгийн газрын тендертэй холбоотой байх талтай. Учир нь УИХ-ын сонгуулийн энэ үеэр цементийн үнэ нэмэгдсэн, олдохгүй байна гэсэн мессеж явж болохгүй. Мөн улсаас зарласан барилгын тендерүүд цементгүй гээд зогсож болохгүй нь ойлгомжтой.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, “манай улсын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн байгаа. Жишээ нь 2024 онд төрийн захиалгаар хийж гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлыг хэмжээ 10.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэхээр байгаа. Иймд барилга хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын салбарт бол цементийн эрэлт хэрэгцээ маш их байгаа тул импортын цементийн татварыг 5 хувь болгосноор дотоодод үнийн хөөргөдөл бий болохгүй байх нөхцөлийг хангаж өгч байна” гэсэн юм.




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө