ВИДЕО: "Дүнжингарав"-ын галаас өмссөн хувцастайгаа үлдсэн байхад улсаас байрыг нурааж, буруутай этгээдээр төлүүлнэ" гэсэн нь биднийг гарцгүй болгож байна

ВИДЕО: "Дүнжингарав"-ын галаас өмссөн хувцастайгаа үлдсэн байхад улсаас байрыг нурааж, буруутай этгээдээр төлүүлнэ" гэсэн нь биднийг гарцгүй болгож байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин осолдож, газ алдагдсаны улмаас дэлбэрэлт болж олон хүн харамсалтайгаар амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Уг ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа.

ВИДЕО:

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан. Одоогоор гудамж талбай, зам байгууламж, тээврийн хэрэгсэл, сургууль, оффис, аж ахуйн нэгжид 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдоод буй. 

-207 ДУГААР БАЙР ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ ГЭХ ДҮГНЭЛТ ГАРСАН ТУЛ НУРААНА-

Тэгвэл Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их, мөн газар хөдлөлтөд тэсвэргүй гэх дүгнэлт гарсан тул хүн амьдрах боломжгүй. Байрыг нурааж, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж мэдэгдсэн.

Мөн төрөөс хохирол барагдуулах тухай одоохондоо яригдахгүй ба хувийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэхээр байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм . 

Иймд бид энэ удаа 207 дугаар байрны оршин суугчдаас дээрх асуудалтай холбоотой байр суурийг тодруулж, барилгын одоогийн нөхцөл байдлын талаар сурвалжлан хүргэж байна. Тус байрны оршин суугчид хэрвээ байрыг нураагаад гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гээд орхивол мухардалд орж юу ч үгүй хоцорно гэсэн байр суурьтай байгаа. 

Ийнхүү бид тухайн дэлбэрэлт болж гал гарах үед болсон процесс болон байрыг нураах асуудалд ямар байр сурьтай байгаа талаар асуухад, “Тухайн үед дэлбэрэлт болох дуунаар сэрсэн. Бид нар хувцаслаад гарч амжаагүй байхад л манай гэрт гал ороод ирсэн.

Тухайн үед гал командын машин урд талын сургуулийн аркаар багтаж  орж ирж чадаагүй тул галыг унтраах гэж цаг алдсан. Галаас бид өмссөн хувцаснаасаа өөр юу ч үгүй үлдсэн.

Машин маань хүртэл шатсан. Үр хүүхдэдээ ямар ч цаг гаргалгүй ажиллаж байж орон байртай болсон ч одоо юу ч үгүй үлдлээ. Түрээсийн байранд байгаа ч өөрийн гэр шиг биш, тухгүй, хэцүүхэн л амьдарч байна. Хохирол учруулсан этгээдүүдээс нөхөн төлүүлнэ гэж мэдээлсэн. Хэрвээ тэрийг хүлээвэл бидний лав нас хүрэхгүй. Хэрэг шийдэгдтэл наанадаж хоёр, барилгыг дахин барьтал таван жил болох байх. Бид одоо үнэхээр яахаа мэдэхгүй байна. Тэр буруутай этгээд нь төлбөрийн чадвартай байх ч юм уу мэдэхгүй байна. С.Амарсайхан төр буруугүй гэж ярьж байна лээ. Бидний хувьд улс маш их буруутай гэж харж байгаа. Мэдээж хоёр жолоочид буруу байгаа хэдий ч осол гарах нөхцлийг бүрдүүлж буй стандартгүй зүйл хийдэг, тэрийг нь хүлээж авдаг хотын удирдлагуудын буруу" гэв.

Ийнхүү 207 дугаар байрны оршин суугчид мухардалд орж, буруутай этгээдийг тогтоохыг хүлээж сууна. Тэд байрнаасаа шатсан зүйлсээ зөөж байгаа бөгөөд хэрэг хэр удаан шийдэгдэхийг мэдэхгүй тул есдүгээр сар хүртэл өгсөн түрээсийн мөнгө нь дуусч дараа өвөл болбол яахаа байгаа юм.