Хууль бус мод бэлтгэсэн этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Хууль бус мод бэлтгэсэн этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.03.16-аас гуравдугаар сарын 23-ны өдрүүдэд) 34.785 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 435 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 174, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 12, Өмчлөх эрхийн эсрэг 159, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 3, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 62, бусад 12 хэрэг байна. Зөрчлийн шинжтэй 57.049 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 56.817 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Нийт шийдвэрлэсэн зөрчлийн 56.105 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 712 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Үүнээс: Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2335, Танхайрах 154, Хүний биед халдах 457, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 247, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 49.874, бусад 3750 зөрчил байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 93 иргэнд 27.900.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 225 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 30, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 73, сураггүй алга болсон хүн 60, шүүхээс даалгасан хүн 21, зөрчил үйлдсэн 19 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

  • Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь ажлын байрандаа “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон 3 төрлийн бодисыг 2023 оны 10 дугаар сараас тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглан үйл ажиллагаа явуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Ө нарын нэр бүхий 3 этгээд бүлэглэн Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хууль бусаар ашигт малтмал олборлож, 755.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компани нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д орсон бодисыг 2023 оны 05 дугаар сараас мөн оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн Л нь Увс аймгийн нутаг дэвсгэрт байх Улсын тусгай хамгаалалттай газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 18 ширхэг нойтон “Шинэс” модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 5.500.718 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
  • Иргэн О нь Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар 13 ширхэг “Шинэс” төрлийн модыг бэлтгэж, 1.100.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.
  • Иргэн А нь Булган аймгийн нутаг дэвсгэрт 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зөвшөөрөлгүй мод бэлтгэж, 1.011.209 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.



Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө