Б.Баярсайхан: БШУ-ны яам доторх яамны дарга Ням-Очир гэх нөхөр хариуцсан ажилдаа хяналт тавьдаггүй гадаадад зугаалаад явж байна

Б.Баярсайхан: БШУ-ны яам доторх яамны дарга Ням-Очир гэх нөхөр хариуцсан ажилдаа хяналт тавьдаггүй гадаадад зугаалаад явж байна

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн үдээс хойшхи хуралдаанаар /2024.03.21/  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай  холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч  байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан " Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Сүмбэр аймагт хэрэгжиж буй цэвэрлэх байгууламжийн ажил зогссон байна. Гүйцэтгэгч компаниуд санхүүжилтээ авч чадахгүй байгаа бөгөөд аймаг тус бүрд ойролцоогоор нэг сая евро дутсан гэх мэдээлэл бий. Энэ ажил хэзээ хийгдэж дуусах юм бэ. Дутуу баригдсан барилгын чанар муудах эрсдэлтэй байна. Гэтэл дээрх аймгуудад цэвэрлэх байгууламжийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Энэ ажлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтийг би гаргасан. Мөн хөдөө орон нутгийн хүүхдүүдийг ус, ариун цэврийн байгууламжаар хангах, 819 сургууль, цэцэрлэгийн дотуур байр, цэцэрлэг, сургуулийг дотроо 00-той, халуун, хүйтэн устай болгох сайхан төсөл хэрэгжээд Эрдэнэт үйлдвэр 100 тэрбум төгрөгөөрөө санхүүжүүлсэн. Энэ ажил маш удааширч байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг, дэд ажлын хэсэг нийт 24 удаа хуралдсан мөн газар дээр нь очиж ажилласан. Сая 37 сумаар орлоо. 100 хувь ашиглалтад орсон гэгдэж байгаа ч ашиглалтын шаардлага хангахгүй, чанаргүй материал ашигласан, ямар ч стандартгүй, эхний өвлөө ч давж чадаагүй байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга, Байгаль орчин аялал, жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан.

Гэтэл Боловсролын ерөнхий газар гэж яам дотор яам байгуулаад даргаар нь Ням-Очир гэж хүнийг томилсон. Энэ хүн тендер зарлаад дээрх ажлыг хийж байгаа. Урин дулаан болсон байхад ажил нь урагшлахгүй. Гэтэл өөрөө гадаадад зугаалаад явчихсан. Нэг ч удаа хөдөө явдаггүй. Шалгаруулсан тендер нь зураг төслөөс эхлээд асуудалтай. Үүнд хэн хариуцлага хүлээх юм бэ. Эрдэнэт үйлдвэрээс 60 тэрбумыг нэмж авна гэсэн.

Энэ мөнгийг юунд зарцуулах гэж байгаа юм. Таван сая төгрөгийн цалинтайгаар Монгол Улсын зөвлөх инженер ажилладаг юм байна. Тэр хүн  "Та нар 24 цагаар усаа гоожуул" гэж хөдөөний сургуулийн ажилчдыг загнаж байна. Хөдөө 24 цагаар ус гоожуулдаг түүнийг хараад сууж байдаг алба хаагч гэж байхгүй" гэсэн юм. 

Түүний асуултад Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн хариулахдаа " Цэвэрлэх байгууламжийн ажлууд эхнээсээ мордохын хазгай болсон. Тендер шалгаруулалт нь юу болсныг нягтлах ёстой. Надаас өмнөх ажил. Гэхдээ би өмнөх хүмүүсээ буруутгаж байгаа юм биш. Үүнийг хууль хяналтын байгууллагууд шалгах ёстой. Ажлын даалгаврын хүрээнд хийх ёстой ажил бол төсвийг нэмж өгөх ямар ч үндэслэл байхгүй. Нэгэнт энэ ажлыг хийнэ гээд мөнгө авчихсан юм бол хийх л ёстой. Нэмэлт хөрөнгө өг гээд байж болохгүй. Ажлын хэсэг шалгаад дүнгээ танилцуулах байх. Түүний дараа шаардлагатай бол нэмэлт санхүүжилт өгөх хүсэлтийг Сангийн яаманд тавина. Цэвэрлэх байгууламжийн ажлууд заваарсан юм болсон. Хагас, дутуу юм хийчихсэн, ерөнхий гүйцэтгэгч нь хаяад явчихсан. Төслийн нэгжийн удирдагчаар нь мэргэжлийн бус буюу сувилагч хүнийг томилсон байсан. Ийм нарийн өндөр технологийн төслүүдийг мэргэжлийн бус хүн авч явахгүй. Тэгэхээр төслийн удирдагчийн асуудлыг ойрын хугацаанд шийднэ" гэлээ. 

Харин Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга Батжаргал " 17 аймгийн 296 сумын 802 обьектыг дотор 00, халуун хүйтэн устай болгох төслийг дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байна. Одоогоор 261 нь ашиглалтад орсон. Улсын комисс ажиллах гэж буй 22, барилга угсралтын ажил хийгдэж буй 253, тендер зарлагдсан 70 байна. Төлөвлөгдсөн ажил явагдаж байна. Гүйцэтгэлээр нь 60 тэрбумын ажлыг санхүүжүүлсэн. Анх 100 тэрбумын санхүүжилтийг батласан. Зураг төсөл бэлэн биш байсан. Гэхдээ төсөл батлагдсаны дараа нарийвчлахад төсвийн нөхцөл байдал өөрчлөгдсөн" гэв. 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Сая Засгийн газрын хуралд ганцхан Дорнод аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг оруулж ирэхэд нь би буцааж, Завхан, Баян-Өлгий зэрэг таван аймагтай хамт оруулж ир" гэсэн. 

ҮЗЭХ