ВИДЕО: Өмнөговь аймгаас Богд ууланд нутагшуулж байсан янгирын сүрэг хорогдолгүй энэ өвлийг давжээ

ВИДЕО: Өмнөговь аймгаас Богд ууланд нутагшуулж байсан янгирын сүрэг хорогдолгүй энэ өвлийг давжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар /2023.01.01/-ний өдрөөс эхлэн Богдхан уулын Дархан цаазат газарт газар ашиглах, эрх шинээр олгохыг хориглосон шийдвэр гарсан. Бид өмнөх сурвалжилгаар тус уулын аманд 1985 онд нутагшуулсан янгирын сүрэг хорогдох, нүүдэллэн дайжих нөхцөл бүрдсэн талаар онцолсон.

Харин энэ удаа Богдхан уулан дахь янгирууд нь хүмүүсийн тавьж өгсөн тэжээл өвсийг идсэнээр өвлийг өнөтэй, хорогдолгүй давсан цаашлаад Нүхт, Өвөр зайсангийн стандартгүй хашаатай айлуудаас болж зэрлэг амьтад гол руу орж, усаа ууж чадахгүй нөхцөл байдалд орсныг сурвалжиллаа.

ВИДЕО:

Биднийг очиход янгирууд ус уухаар уулнаас бууж таарсан юм. Хэдийгээр цаг агаар дулаарч, нэмэх хэмтэй өдрүүд тохиож буй ч Богдхан уулын цас ханзраагүй, нэвсийсэн цас дарсан хэвээр байлаа. Уулнаас буусан янгирын сүргийг харахад хахир хүйтэн өвлийг өнөтэй давсан гэдэг нь нүднээ илт харагдана. Учир нь Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас Богдхан ууланд нутагшиж буй 200 гаруй янгирт өвс, тэжээл тавьж өгөх ажлыг системтэйгээр зохион байгуулсан нь тэднийг өвлийг өнөтэй давахад нөлөөлжээ.

Богдхан уулын захиргааны байгаль хамгаалагчид нь “Нүхт”-ийн оршин суугчдын дэмжлэгтэйгээр өвс, тэжээл тавьж өгөх ажлыг зохион байгуулдаг байна. Ингэхдээ адуу малны хөлөөс хол, зэрлэг нохдын гүйдлийн эсрэг чигт аль болох өндөрлөг газарт өвс тэжээлийг тавьдаг аж.   

Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Бүтэнсайн, “Богдхан ууланд нийт 54 зүйлийн хөхтөн нуруутан байна. Анх 1985 онд Өмнөговь аймгийн Дундсайхан уулнаас 15 тооны янгир ямааг авчирч нутагшуулсан. Богдхан уул нь Улаанбаатар хоттой ойр учраас янгир зэрэг амьтдад  хүний нөлөөнөөс үүдэлтэй аюул дарамт учирч байгаа.  Мөн иргэд адуу малаа дураараа бэлчээж янгирын бүсийг таллаж буй нь амьтдад дарамт болдог. Амьтанд бэрхшээл тохиолдох үед Байгаль орчин аялал, жуулчлалын газраас био техникийн арга хэмжээ авч асран хамгаалдаг. Энэ дагуу манай хамгаалалтын захиргаанаас жил бүр хөрөнгө мөнгө зарцуулж, Богд уулын дархан цаазат газарт бэлчиж буй амьтдадаа өвлийн ид хүйтний үед тэжээл тавьж өгөх, зэрэг арга хэмжээ авдаг. 2023 оны долдугаар сард өөрчлөлт оруулсан холбогдох хуулийн дагуу нэг янгир ямааны үнэлгээ нь 5.3 сая төгрөг байдаг” гэсэн юм.

-НИЙСЛЭЛИЙН ТАНСАГ БҮС ГЭГДЭХ НҮХТИЙН АМНЫ АЙЛУУД АМЬТДЫН УУХ УСЫГ ХАШААЛЖЭЭ -

Нэг талаас төсвийн байгууллагуулд төсвийн хөрөнгөөр зэрлэг амьтдадаа ийнхүү хайрлаж, хамгаалж байхад нөгөө талд иргэдийн амиа бодсон, ухамсаргүй үйлдэл тэдэнд аюул учруулж буйг энд бас дурдах ёстой юм. Тухайлбал, нийслэлийн тансаг зэрэглэл гэгдэх Нүхтийн амны айлууд болон  Богдхан  ууланд газар ашиглагч  нар стандартын бус хашааг дураараа татсан нь янгир зэрэг зэрлэг амьтдын гол руу орж ус уух нөхцлийг хүндрүүлж байна. Тиймээс Байгаль орчин аялал, жуулчлалын яамнаас “Тусгай хамгаалалттай газар, нийслэлийн ногоон бүсэд газар ашиглах стандарт”-ын хуулийг  батлуулахаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Гол нь тухайн хашаа нь амьтны хөдөлгөөнд саад учруулахгүй, тоо толгойд нөлөөлгүй байх ёстой бөгөөд стандарт нь батлагдсаны дараа газар ашиглагч нарт шаардлагаа тавина гэдгийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээ, мэдээлэл хариуцсан ажилтан Н.Бүтэнсайн хэлсэн юм.