ФИФА-гийн ерөнхийлөгчийн цалин огцом өсжээ

ФИФА-гийн ерөнхийлөгчийн цалин огцом өсжээ

Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгч Жанни Инфантиногийн цалингийн хэмжээ 2023 онд 33 хувиар өссөн тухай Sky Sport суваг мэдээлжээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн онд ФИФА-гийн тэргүүн 4,64 сая долларын орлого олсон байна. Харин 2022 онд түүний үндсэн цалин 2,21 сая доллар байсан бол шагнал урамшуулал буюу бонус хэлбэрээр 1,87 сая доллар авч байжээ. Тэгвэл өнгөрсөн 2023 онд түүнд олгосон бонусын хэмжээ нэмэгдээгүй бөгөөд харин дахин сонгогдсоны дараа үндсэн цалин нь 2,77 сая доллароос 2,94 сая доллар болж өсжээ. Өдгөө 53 настай Ж.Инфантино Швейцар ба Италийн иргэншилтэй бөгөөд 2016 оны хоёрдугаар сарын 26-наас хойш ФИФА-г удирдаж байгаа юм. Тодруулбал, тус байгууллагыг тэргүүлж байсан Йозеф Блаттер авлигын дуулианд холбогдон албан тушаалаасаа огцорсны дараа Ж.Инфантино түүний оронд томилогдсон билээ. Улмаар 2019 оны 3 дугаар сард хоёрдахь удаагаа, 2023 оны 3 дугаар сард гуравдахь удаагаа улиран сонгогдсон юм. ФИФА-гийн Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө буюу 2009 оны 10 дугаар сараас 2016 оны хоёрдугаар сар хүртэл тэрбээр Европын хөл бөмбөгийн холбооны /УЕФА/ Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв.