Д.Тогтохсүрэн: Яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг чөлөөлөх санал прокуророос ирээгүй учир хэлэлцэхгүй

Д.Тогтохсүрэн: Яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг чөлөөлөх санал прокуророос ирээгүй учир хэлэлцэхгүй

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн парламентын нэлээд олон гишүүд хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан. Мөн нэр бүхий гишүүд шүүхээс ял сонсоод байгаа юм. Тэгвэл тухайн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хорих ялыг эдлүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу анхан шатны шүүхээс хорих ял сонссон Ё.Баатарбилэг гишүүний Давж заалдах шатны шүүх хурал явагдаж байгаа. Үүний дараа бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана. Б.Энх-Амгалан гишүүний хувьд мөн анхан шатны шүүхээс ял авсан. Тухайн гишүүн давж заалдах шатны шүүхэд хандвал үүнийх нь дараа бүрэн эрхийн асуудлыг нь хэлэлцэнэ. Харин яллагдагчаар татагдсан гишүүдийн хувьд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал байхгүй. Прокурор болон шүүх байгууллагаас бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирээгүй" гэлээ. 

Мөн тэрбээр УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан УИХ-ын отгон чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Хаврын чуулганаар дараагийн УИХ хуралдах эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал чухал байгаа учраас УИХ-ын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэн батална. Мөн Баялагийн сангийн тухай хуулийг хэлэлцэх байх. Тавдугаар сарын 15-ны өдрөөс сонгууль нэр дэвшигчид тодорно. Тиймээс УИХ хоёр сарын хугацаанд хуралдаж, хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлыг хэлэлцэх юм" гэв.