Т.Болор-Эрдэнэ: Гэр бүлээрээ автомашинтайгаа дэлхийг тойрно гэдэг эхэндээ хэцүү байсан ч аялалд гараад 97 хонохдоо огт харамсаагүй /ВИДЕО/

Т.Болор-Эрдэнэ: Гэр бүлээрээ автомашинтайгаа дэлхийг тойрно гэдэг эхэндээ хэцүү байсан ч аялалд гараад 97 хонохдоо огт харамсаагүй /ВИДЕО/

Морин туурайгаар дэлхийг тамгалсан монголын ард түмэн эртнээсээ л нэг газраа тогтож үл чадах сониучхан хүмүүс. Мал аж ахуй эрхэлж, байнгын нүүдэллэн амьдардаг байсан тул нүүдлийн шувуу мэт л аж төрдөг байсан гэхэд болно. Гэхдээ одоо ч энэ л хэвээрээ. Үүний нэг жишээ болсон хүмүүс бол Т.Болор-Эрдэнийн гэр бүл. Тэд автомашинтайгаа дэлхийг тойрохоор эх орноосоо хөдлөөд 97 хоног буюу гурван сар гаруйн хугацааг үджээ.

Тэд ам бүл тавуулаа. Эхнэр Г.Амаржаргал болон гурван хүүхэд болох Б.Алунгуа, Б.Амин-Эрдэнэ, Б.Амингоо нарын хамт өөрсдийн хаммер машинаа хөлөглөн эх орноосоо хөдөлжээ. Ингэхдээ дэлхийг бүтэн тойрохоос гадна үндсэн хоёр зорилго тавьсан байна. Нэгдүгээрт, зөвхөн монголд байдаг говийн мазаалай баавгайг хамгаалах, сурталчлах зорилгоор машиныхаа өнгийг шараар будаж, говийг бэлгэдсэн. Хоёрдугаарт, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Welcome to Mongolia” хөтөлбөрийг дэмжиж Монголоо сурталчилж яваа гэнэ. Ийнхүү бид тэдэнтэй холбогдож аяллынх нь талаар яриа сонирхолтой өрнүүлсэн юм.

ВИДЕО:

- Сайн байна уу? Сайн явцгааж байна уу? Автомашинтайгаа дэлхийг тойрно гэдэг бол маш том зориг шаардсан байх. Юун түрүүнд Автомашинаа аялалдаа хэрхэн бэлдсэн, мөн аялалд гарахад хамгийн хэрэгтэй байсан зүйлсээс яриагаа эхэлье?

Т.Болор-Эрдэнэ: - Аялалдаа зориулж хамгийн их бэлдсэн зүйл бол манай машин. Бид машинаа тохижуулж, тоноглож бэлдсэн. Мөн хөнжил, дулаан мишокноос эхлээд хэрэгтэй зүйл олон бий. Гэхдээ үүнээс илүү энэ аялалд хань болж, халуун хайраараа намайг болоод үр хүүхдүүдийг минь халамжилж, цаг ямагт халуун хоол ундтай байлгаж байсан эхнэр маань хамгийн хэрэгтэй зүйл байлаа.

Б.Амингоо: - Надад ах маань хамгийн их хэрэгтэй байсан. Парк орсон ч ах маань намайг өндрөөс хамгаалж, усанд ороход живчихэж магадгүй байсан болохоор ах надад тусалдаг байсан учраас хамгийн их хэрэгтэй байсан.

- Аль улсын хилээр нэвтрэхэд хамгийн хэцүү байсан бэ? Оруулахгүй байх ч юм уу нөхцөл байдал үүсэж байв у?

Г.Амаржаргал: -Гүржийн хилээр гарахад хамгийн гоё бас хамгийн хэцүү байсан. Гүржийн хил ихэнхдээ оочиртой байдаг. Хамгийн багадаа хоёр цагаас эхлээд дөрөв таван өдөр хүлээж байж гардаг юм билээ. Бид нар арванхоёрдугаар сард оны хамгийн сүүлийн хүмүүс болж хилээр гараад ажилчидтай нь хамт шинэ оноо угтаж байсан. Тэгэхэд бид нар бараг 4, 5 цаг асуугдсан. Манай хаммер машин байлдааны зориулалттай гэж явдаг болохоор Гүржийн хилээр тийм машин орж байсан кейс байхгүй юм билээ. Тэгээд төв удирдлага зэрэг баахан хүмүүсээс асуугаад бараг оруулахгүй гэж хэлсэн. Тэр үед энэ урт замыг туулчихаад эндээс буцах юм биш биз дээ. Болохгүй бол маршрутаа өөрчилнө дөө гээд бодож байсан. Азаар биднийг хил нэврүүлсэн.

Т.Болор-Эрдэнэ: Улс болгоны хилээр нэвтрэхэд өөр өөр байсан. Автомашинтайгаа аялж яваа бидний хувьд жолооч нь машинтайгаа, бусад хүмүүс нь арай өөр газраар гардаг. Тэгээд ороход хамгийн их бэрхшээл саадтай тулгарч байгаа хүн нь би болж таарч байгаа юм. Мөн олон өөр улсын хил дээрх ажилчидтай ойлголцоход маш хэцүү. Тэгээд л янз бүрээр үзнэ дээ. Ёстой л эр хүний 13 мэхээ ашиглаж явсны эцэст зарим хилээр орж байсан даа. Мөн Оросын хилээр нэвтрэхэд хэцүү байсан. Бичиг баримт шаардаж, машин доторх бүх зүйлийг шалгасан. Тэгэхдээ Орост яг гадаа 5, 6 цаг зогсоочихсон. Ер нь бэрхшээлгүй улсын хилээр орно гэдэг том даваа. Бүх л бүтэн улс руу байлдааны машинтай аялна гээд явж байна гэдэг хүмүүсийн бодолд багтахгүй байгаа учраас маш их гайхаж хүлээж авч байсан. Зарим нь бол “ямар гоё юм бэ” гээд бараг бичиг баримт харахгүй оруулах жишээтэй.

- Хүн болгонд аялах мөрөөдөл байдаг. Гэхдээ тэр бүр биелүүлж чаддаггүй шүү дээ. Анх ер нь энэ шийдвэрийг яагаад гаргасан бэ?

Т.Болор-Эрдэнэ: Аялалд гараад 97 дахь өдрөө болж байна. Үндсэндээ гурван сар хагас явсан байна. Эхний ээлжинд “Hummer Family” гээд өөрсдийн пэйж хаягийг нээсэн. Өнөөдөр гэхэд л тавиад мянган хүн дагасан байна. “Ямар визээр явж байна?”, “хэр хэмжээний зардал гарч байна?” гэх мат маш олон зүйлийг биднээс сошиалаар асуудаг. Бид аяллын туршлагаа бусадтайгаа хуваалцах нь мэдээж манай аяллын гол зорилго. Адал явдалтай сонирхолтой аялал хийе гэж бодож байгаа л бол мэргэжлийн байгууллагуудаас тодорхой хэмжээний мэдээлэл аваад бусдыг нь өөрсдийн хар зориг, ухаан бодлоор хийвэл илүү гоё, дурсамжтай аялал болох юм шиг санагдаж байна.

Г.Амаржаргал: -Хүн болгонд аялах мөрөөдөл байдаг. Хүн ганцаараа аялахаар заавал хайртай дотны хүмүүстээ үзүүлмээр санагдаад байдаг шүү дээ. Өнөөдөр бид Швейцарийн хүрхрээн доор очсон. Энэ газар өмнө нь 2020 онд ирээд хүүхдүүддээ л үзүүлмээр санагдаж байсан. Гэтэл одоо гэр бүлээрээ машинтайгаа ирчисэн байна. Тиймээс боломж бололцоо нь байх л юм бол гэр бүлээрээ хамт аялаарай гэж хэлмээр байна. Хүмүүсийн хувьд ямар их мөнгөтэй юм бэ гээд байдаг. Аялахад мэдээж мөнгө хэрэг болно. Гэхдээ тэгж их мөнгө хэрэг болохгүй. Хэрэглээний зардал маш бага гарч байгаа. Бараг монголдоо амьдарч байгаа мөнгөнөөс бага мөнгө хэрэглээд байгаа. Хоол хүнс ч манай монголынхоос хямд байна. Ижилхэн үнэтэй хэрнээ илүү чанартай бас олон сонголттой. Хэрвээ аялахаар төлөвлөж байгаа бол манай пэйж рүү чат бичиж асууж болно. Бид дэлхийг бүтэн тойроогүй ч гэсэн бидний маршрутын дагуу явахаар төлөвлөж байгаа бол бид харамгүй зөвлөгөө өгнө шүү.

- Аяллын маршрут их сонирхолтой санагдаж байна? Маршрутаа хэрхэн гаргасан бэ?

Т.Болор-Эрдэнэ: - Бид энэ аяллыг эхлүүлэхдээ автомашинтай аялагчдын урьд өмнө нь очиж байгаагүй газруудаар явж, шинэ аяллын зам гаргахыг хүсэж, зорьж байгаа. Үүгээрээ дараа дараагийнхаа залуучуудад урам зориг, шинэ үүд хаалгыг нээж хүсэж байна.

- Өөрсдийн машинтайгаа аялах хэр тухтай байна вэ? Олон хоног машиндаа амьдарна гэхээр бага тухгүй биш байна уу?

Г.Амаржаргал: - Өмнө нь бид гадны улс руу явахдаа машин түрээслээд л эвдчих вий гэсэн айдастай их тухгүй байдаг байсан. Одоо өөрийнхөө машинтайгаа явахад цаг хугацаа орон зайд баригдахгүйгээр өөрийнхөө хүссэн газраар явах нь сайхан байгаа. Аялалдаа гараад олон хонож байгаа болохоор одоо машинтайгаа аялаад дасчихсан байна. Тухгүй зүйл огт байхгүй болсон. Мөн хүссэн газраа очиж чадаж байгаа нь сайхан юм.

Т.Болор-Эрдэнэ: - Онгоцоор, дугуйтай, явганаар, усан онгоцоор аялсан аяллаас хамгийн гоё нь машинтайгаа аялах аялал байлаа. Бидний хувьд эх орноосоо хол зам туулж яваа учир машин маань бидний гэр орон шиг л болсон.

- Аялалаас та бүхэнд үлдэж байгаа хамгийн том зүйл бол туршлага, дурсамж байгаа байх. Аялад гараад хамгийн гоё санагдсан зүйл болон аялалд гарахаар зэхэж, төлөвлөж байгаа хүмүүст зөвлөгөө өгөхгүй юу?

Б.Алунгуа: -Одоо анзаараад байхад хүмүүс аялахыг хойш тавиад байдаг юм шиг санагдсан. Би өөрөө багаасаа ээж аавтайгаа маш их аялсан. Миний хэлмээр байгаа зүйл бол аялахыг хэзээ ч битгий хойш тавиарай.

Т.Болор-Эрдэнэ: Монголдоо байсан бол ердийн өдрүүд үргэлжлээд, түгжирдгээрээ түгжрээд, нөгөө л утаа шорооныхоо асуудлыг яриад сууж байх байсан байх. Автомашинтайгаа аялаж буйн бас нэг зорилго бол эх орноосоо гараад хол зам туулж, харь орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ямар байгаа талаар, олон улсын хүмүүс хэрхэн яаж амьдардаг талаар үзэж, таньж мэдье гэсэн зорилготой энэ аялал эхэлсэн. Аяллыг эхлүүлж өнөөдрийг хүртэл явсандаа маш их сэтгэл хангалуун байна. Бидний аяллын зам дардан байгаагүй ч саад бэрхшээл болгоны ард гарч өөрсдийгөө чадвартай, хийморьтой байгаагаараа бахархаж байна.

Г.Амаржаргал: - Аялаж явахад хамгийн сонирхолтой нь маргааш хаана сэрэх нь тодорхойгүй байдаг. Өдөр болгон өөр газар үзэж, өөр өөр хүмүүстэй уулзаж байна. Гадаад оронд гээхээсээ илүү авах юм маш их байна. Бид энэ аяллыг хийгээд харамсах ямар ч бодол төрөөгүй. Энэ аяллаас хүүхдүүдэд маань болон бид нарт маш том дурсамж үлдэж байгаа. Хүүхдүүд маань ч энэ аяллыг хэдэн үеэрээ дурсаж ярих учраас бид бүгдээрээ сэтгэл хангалуун явж байгаа. Мэдээж муугаар бодвол ямар ч зүйл болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ таньдаг, таньдаггүй бид нарт сайн сайхныг хүсэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.