"Тэнгисийн эрэг дээрх 24/7" нэвтрүүлэг өнөөдөр үзэгчдэд хүрнэ

"Тэнгисийн эрэг дээрх 24/7" нэвтрүүлэг өнөөдөр үзэгчдэд хүрнэ

Их Британийн алдарт болзооны шоу нэвтрүүлэг болох "Love island"-г "Central" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хүргэх гэж буй. Тус нэвтрүүлгийн эхний дугаар өнөөдөр 22:00 цагаас үзэгчдийн хүртээл болох юм.

"Central" телевизээс шоуны 20 оролцогчийг өнгөрсөн долоо хоногт танилцуулаад байгаа бөгөөд нэвтрүүлгийн хөтлөгчөөр А.Хулан, шүүгч панилестуудаар Р.Нямбаяр, Г.Дүзиймаа, Л.Саруултөгс, комедиан Б.Батбилэг нар оролцох юм. Тус нэвтрүүлгийг долоо хоног бүрийн бямба гарагт 22:00 цагаас"Central" телевизээр хүлээн авч үзэх боломжтой ба "Look tv"-д мөн нэвтрүүлгийн дугаарууд байрших аж.

Нэвтрүүлгийн хувьд жинхэнэ хайраа олохоор ирсэн оролцогчид "хайрын арал" дээр суурьшиж амьдарна. Зохион байгуулагчдын зүгээс тэдний үйлдэл бүрийг 24 цагийн турш хяналтын камераар бичихийн зэрэгцээ зөвхөн арал дээр ашиглаж болох гар утсыг олгодог. Оролцогчид эхний өдрөө анхны сэтгэгдэл дээрээ суурилан хосоо сонгох ёстой. Дараагийн өдрүүдэд тэд нэгнээ таньж мэдэхийн сацуу хосоороо бие бялдар, оюуны бяд шаардсан даалгавруудыг биелүүлнэ. Хэрвээ оролцогч өөр хүнд сэтгэл алдарвал дурлалт хүнээ сольж өөр хүнтэй хос болох боломжтой ч санал хураалтын үеэр ганц биеэр үлдсэн оролцогч арлыг орхиж явах шаардлагатай болно. Түүнчлэн нэвтрүүлгийн төгсгөлд ялагч болсон хосууд 100 мянган ам.долларын шагналын эзэн болох учир тэдний дунд ширүүхэн атлаа халуухан өрсөлдөөн өрнөх юм.