Саид Моллаи: Монголд сэтгэл хангалуун байсан ч бусдын боломжийг булааж магадгүй гэдгээ ойлгосон

Саид Моллаи: Монголд сэтгэл хангалуун байсан ч бусдын боломжийг булааж магадгүй гэдгээ ойлгосон

Саид Моллаи 2019 онд Монгол Улсын иргэншилтэй болж, Токио-2020 оны зуны олимпт оролцож мөнгөн медаль хүртсэн. Харин тэрээр саяхан Азербайжан улсыг төлөөлөн тэмцээн уралдаанд оролцох шийдвэр гаргасан билээ.

Тэрбээр энэ талаараа Европын жүдо бөхийн холбооны сэтгүүлчид ярилцлага өгчээ. Үүнд, “Саид Моллаи 2018 онд  дэлхийн аварга цолыг хүртэхдээ Ираны тамирчин байсан бөгөөд түүнээс хойш 2019 онд Монголын тамирчин болж байсан ч ийнхүү Европын жүдо бөхийн гэр бүлд албан ёсоор оржээ.

Тэрбээр, Парисын олимпд оролцох сүүлчийн боломжоо Азербайжаны багийн төлөө байгаад маш их баяртай байна. Өмнөх Токиогийн олимп шиг өндөр амжилт үзүүлнэ гэж найдаж байгаа. Энэ хөнгөхөн, амархан шийдвэр биш байсан.

Гэхдээ би Монголд байсан байр сууриндаа сэтгэл хангалуун байсан ч бусдын боломжийг булааж байж магадгүй гэдгээ ойлгосон. Монголын баг хоёр сайн залуутай, би тэдэнд олимпд оролцох боломж олгох нь чухал. Азербайжаны баг намайг олон жилийн турш хайж байсан. Манай гэр бүл Ираны Азербайжанаас гаралтай, би Азербайжан хэл, соёлыг мэддэг учраас энэ нь надад тохиромжтой гэж үзсэн юм.

Би маш хэцүү амьдралыг туулсан ч одоо эрх чөлөөтэй болсондоо маш их баяртай байна. Зоригтой хүмүүс ямагт ялна гэдгийг би дэлхий дахинд харуулж чадсан.  Монголын нийт ард түмэн, Жүдо бөхийн холбоо, миний хайрт Иран улсын нийт ард түмэн, дэлхийн бүх ард түмэндээ баярлалаа. Жүдогийн гэр бүлийнхэнд баярлалаа, үргэлж эрүүл энх байгаасай гэж хүсье” гэжээ.

Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү