ВИДЕО: Шинэ жилийн баярын өмнөх өдөр "Нээлттэй сонсгол" хийх нь иргэдийн оролцоог хангахгүй

ВИДЕО: Шинэ жилийн баярын өмнөх өдөр "Нээлттэй сонсгол" хийх нь иргэдийн оролцоог хангахгүй

"No double standard" хөдөлгөөнөөс арванхоёрдугаар сарын 30-нд болох “нээлттэй сонсгол”-ийн өдрийг хойшлуулахыг шаардлаа. “NoDoubleStandart” хөдөлгөөний гишүүдийн зүгээс “Жагсаал цуглаан хийх тухай хуул”-ийг цэгцлэх, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болох “нээлттэй сонсгол”-ийн өдрийг хойшлуулж ирэх оны нэгдүгээр сард багтааж хийх талаар УИХ-ын тамгын газар, хууль зүйн байнгын хороо нийтийн сонсголын даргалагч УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын дарга Ш.Занданшатар  нарт шаардлага хүргүүллээ.

Мөн "нээлттэй сонсгол"-д оролцогсдыг бүртгэлээр, урилгаар, ажиглагч гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж оролцуулах, хэвлэл мэдээллийг 20-оос дээш байлгах хүсэлт гаргасан ба бүх мэдээллийн хэрэгслийг оролцуулах  хэрэгтэй гэж үзэж байгаа аж.

"NoDoubleStandart" хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү: Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяналтдаа авч чавдал бусад бүх эрхийг хязгаарлаж болдог. Монголын ардчилал өнөөдөр сошиал платформд дөнгөн данган тогтож байна. УИХ-ын гишүүн Н.Учрал жагсаал цуглаан хийх журмын зөвхөн 10-р заалтыг өөрчлөх талаар яриад байгаа юм. Гэтэл энэ хууль нь бүхэлдээ өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах чадамжгүй, учир дутагдалтай хууль байгаад байна. Жишээ нь, Жагсаал хийж буй иргэдийн шаардлагыг хүлээж авч эргүүлээд хариу өгнө зохицуулалт байхгүй" гэв.

"NoDoubleStandart" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр: "Жагсаал цуглаан хийх тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүн тус хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хууль зүйн байнгын хороон дээр нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нд албан бичгээр хүргүүлсэн байдаг. Улмаар нийтийн сонсголыг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. Шинэ жилийн баярын өмнөх өдөр "нээлттэй сонсгол" хийж байгаа нь иргэдийн оролцоог хангаж чадахгүй. Нээлттэй сонсгол нь үр нөлөөтэй байх ёстой.

Энэ нь олон нийтийн анхаарлаас гадуур, оролцоог хангахгүй, зохион байгуулалт байхгүйгээр хийх гэж байгаа тул үр дүнгүй хэмээн харж байна. Иймд нээлттэй сонсголыг хойшлуулж ирэх оны нэгдүгээр сард багтааж, зохион байгуулахыг шаардаж байгаа. Мөн жагсаал цуглаан хийх тухай хуулийг цэгцлэх хэрэгтэй. Ингэхдээ улс төржсөн асуудлаас ангид байлгах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй. Жагсаал цуглаан хийх тухай хууль нь Үндсэн хуулийг зөрчсөн байж болзошгүй тухай УИХ нь хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нээлттэй сонсголоор шаардлагатай бол хуульд нэмэлт өөрчлөлт оруулах биш үндсээр нь шинээр боловсруулах хэрэгтэй" гэв.