ТАНИЛЦ: Сингапур олимпын медальтанд  ХОЁР ТЭРБУМ, БНСУ 29 сая төгрөгтэй дүйцэх урамшуулал олгодог

ТАНИЛЦ: Сингапур олимпын медальтанд ХОЁР ТЭРБУМ, БНСУ 29 сая төгрөгтэй дүйцэх урамшуулал олгодог

Хүн төрөлхтөний эв найрамдлын бэлгэдэл олимпын наадам өндөрлөхөд нэг хоног үлдлээ. Токио 2021 олимпоос манай улс гурван хүрэл, нэг мөнгөн медаль авсан  амжилттай байна.

Тамирчид олон жилийн турш уйгагүй бэлтгэл хийж, бэртэл гэмтлээ умартан олимпын наадамд оролцох эрхээ олж авдаг. Улмаар медалийн тавцанд гарах нь тамирчин бүрийн мөрөөдөл. Нөгөөтэйгүүр тамирчин медаль авах нь улс орны нэр хүндэд маш сайнаар нөлөөлөх, нэр нөлөөгөө өсгөдөг үйл явц юм. Улс орнуудын засгийн газраас олимпын наадмаас медаль авсан тамирчиддаа олгодог мөнгөн урамшуулал, цалин хөлс зэрэг нь хөдөлмөр, тууштай байдал, авьяас билгийг нь дэмжиж буйн баталгаа юм.  Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад олгох мөнгөн урамшуулалын дүн дөрвөн жил тутамд өөрчлөгддөг. Тэгвэл дэлхийн улс орнуудаас энэ удаагийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчиддаа өгөх урамшууллаараа тэргүүлсэн орнуудыг сонирхуулая.

-СИНГАПУР УЛС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИДДАА ХОЁР ТЭРБУМ 98 САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ УРАМШУУЛЛЫГ НЭГ УДАА ӨГДӨГ-

Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчиддаа хамгийн өндөр дүнтэй урамшууллыг олгодог улс орны жагсаалтыг Сингапур тэргүүлж байна. Тус тамирчинд 737 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр хоёр тэрбум 98 саяын урамшуулал өгдөг учир шилдэг 10 арван орныг тэргүүлжээ. Харин удаах байрт Индонез, Казакстан, Малайз, Итали гэх мэт орнууд багтсан байна. Эдгээр улс орнууд 213-343 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн урамшуулал алтан медальтандаа өгдөг аж.

Зөвхөн алт гэлтгүй олимпын медальтандаа олгодог нэг удаагийн мөнгөн урамшууллаараа тэргүүлэгч 12 орныг жагсаажээ. Тэдгээрийг дурдвал:

 

-БНСУ АЛТАН МЕДАЛЬТАНДАА ЖИЛ БҮР МОНГОЛ МӨНГӨӨР 29 САЯ 880 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИН ӨГДӨГ-

Дэлхийн улс орнууд олимпоос медаль хүртсэн тамирчиддаа сар бүр олгох цалингаараа ялгаатай. Үүнд тухайн орны эдийн засгийн чадавхи, тамирчдынх нь дэлхийн чансаа, спортын хөгжил зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. БНСУ-ын хувьд Токио 2020 наадмын 203 орноос  6 алт, 4 мөнгө, 9 хүрэл медальтайгаар 12-р байранд жагсаж байна. Тус улс олимпийн медаль авсан тамирчиддаа тэмцээн дууссан өдрийн маргаашнаас насан туршид нь сар бүр тэтгэмж олгохоор заасан байдаг аж. Түүнд:

  • Алтан медаль- сар бүр нэг сая вон /хоёр сая 490 мянган төгрөг/
  • Мөнгөн медаль - 750 мянган вон / нэг сая 867,500 төгрөг/
  • Хүрэл медаль - 525 мянган вон / нэг сая 307,250 төгрөг/ өгөхөөр хуульчилжээ.

Үүнээс гадна нэг удаагийн шагналын мөнгө өгдөг байна. Тухайлбал:

  • Алт 60 сая вон/ 149 сая 400,000 төгрөг/
  • Мөнгө 30 сая вон /74 сая 700,000 төгрөг/
  • Хүрэл 18 сая вон / 44 сая 820,000 төгрөг/ тус тус өгдөг байна.

Өмнөд Солонгосын байт харвааны тамирчин Ан Сан Токио 2020 олимпын наадмаас гурван алтан медаль хүртсэн. Өдгөө 20 настай тэрээр эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл, байт харвааны эмэгтэй багийн төрөл, холимог багийн төрөлд тус бүр алтан медалийн эзэн болсон. Мөн Ан Сан нь бага ангиасаа байт харваагаар хичээллэсэн ба олимпын чансаа тогтоох харваанд 680 оноо авч дээд амжилтыг шинэчилсэн юм. Ийнхүү 20 насандаа анхны олимпдоо оролцож гурван алтан медаль хүртсэн Ан Сан БНСУ-ын Засгийн Газраас нэг удаадаа 180 сая вон /448 сая 200,000 төгрөг/ авахаар боллоо. Үүнээс гадна сар бүр гурван сая вонын /долоон сая 470,000 төгрөг/ цалин улсаасаа хүртэнэ.

-97 ЖИЛИЙН ДАРАА ОЛИМПООС АНХНЫ АЛТАН МЕДАЛИА ӨЛГИЙДӨЖ АВСАН ФИЛИППИН УЛС ТАМИРЧНАА 569 САЯ  600,000 ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛНА-

Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн -55кг жинд Филиппин улсын тамирчин Хидилин Диаз эх орондоо анхны алтан медалийг нь авчирсан. Өдгөө 110  сая хүн амтай, зүүн өмнөд Азийн арлын орон болох Филиппин нь 97 жилийн түүхэндээ анх удаа алтан медальтантай болсон нь энэ юм. Хидилин Диаз нь Рио 2016 олимпын наадамд мөнгөн медаль хүртэж байжээ. Ингэснээр тэрээр 200,000 ам.доллар буюу монгол мөнгөөр 569 сая 600,000 төгрөг Филиппний Засгийн Газраас авахаар боллоо.

-ОЛИМПЫН ТӨРӨЛД ШИНЭЭР НЭМЭГДСЭН СПОРТЫН 13 НАСТАЙ АЛТАН МЕДАЛЬТАН ХЭДЭН ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ АВАХ ВЭ-

Энэ удаагийн олимпын наадамд скейтборд шинээр нэмэгдсэн нь сонирхолтой үзэгдэл байвал. Шинэхэн төрөл гэдэг утгаараа тэмцээний оролцогчид ч мөн нас залуу байсан юм. Токио 2020 наадмын эмэгтэйчүүдийн скейтбордын тэмцээнд Японы тамирчин  13 настай Момижи Нишия алтан медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр олимпоос медаль хүртсэн Японы хамгийн залуу тамирчин болсон юм. Харин тус тэмцээний мөнгөн медалийг Бразилын 13 настай тамирчин Райсса Лийл, хүрэл медалийг мөн Японы тамирчин 16 настай Фуна Накаяма нар хүртсэн байдаг. Тэгвэл тэд монгол мөнгөөр:

  • Алтан медаль хүртсэн Японы 13 настай тамирчин Момижи Нишия 128 сая 160,000 төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн Бразилын 13 настай тамирчин Райсса Лийл 82 сая 592,000 төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн Японы 16 настай тамирчин Фуна Накаяма 25 сая 632,000 төгрөгийн шагналыг тус тус нэг удаа хүртэхээр болжээ.

-ДЭЛХИЙН ХАМГИЙН ОЛОН ОЛИМПЫН МЕДАЛИЙН ЭЗЭН ХЭДЭН ТӨГРӨГ АВДАГ ВЭ-

АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин өдгөө 36 настай Майкл Фелпс олимпын түүхэн дэх хамгийн олон медальтай тамирчин юм. Мөн алтан медалийнхаа тоогоор ч дэлхийд нэгт жагсдаг билээ. Тэрээр олимпоос нийтдээ 28 медаль хүртсэнээс 23 алт, гурван мөнгө, хоёр хүрэл медалийг энгэртээ зүүсэн юм. Дэлхийн шилдэг тамирчдын тоонд ордог тэрбээр монгол мөнгөөр:

  • 23 удаагийн алтан медалийн хоёр тэрбум 456 сая 400,000 төгрөг
  • Гурван удаагийн мөнгөн медалийн 192 сая 240,000 төгрөг
  • Хоёр удаагийн хүрэл медалийн 85 сая 440,000 төгрөг нийтдээ хоёр тэрбум 734 сая 80,000 төгрөгийг АНУ-ын Засгийн Газраас нэг удаагийн шагнал болгон авчээ.

-ДЭЛХИЙН ХАМГИЙН БУУРАЙ ОРНУУД ОЛИМПЫН МЕДАЛЬТАНДАА ХЭДИЙГ ӨГӨХ ВЭ-

Нигер улс олимпоос алтан медаль хүртсэн тамирчиндаа 15,000 ам.доллар буюу 42 сая 720,000 төгрөг өгөхөө амласан юм. Тус улсын одоогоор нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Токио 2020 наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жинд мөнгөн медаль хүртсэн тамирчин Обороруду 10,000 ам.доллар /28 сая 480,000 төгрөг/ Засгийн Газраасаа нэг удаагийн шагнал хэмээн хүртэхээр боллоо. Мөн Кени улс одоогоор Токио 2020 наадмаас нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай байгаа. Тус улсын олимпын медальт тамирчид монгол мөнгөөр:

  • Алтан медаль хүртсэн бол -28 сая 480,000төгрөг
  • Мөнгөн медаль хүртсэн бол -21 сая 360,000 төгрөг
  • Хүрэл медаль хүртсэн бол -14 сая 240,000 төгрөгөөр тус тус шагнадаг байна.



Өнөөдөр бар өдөр

37 минутын өмнө