Х.Нямбаатар баруун гурван аймгаар явахдаа "тусгай хамгаалалт" авч сүржигнэжээ

Х.Нямбаатар баруун гурван аймгаар явахдаа "тусгай хамгаалалт" авч сүржигнэжээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нд /2021.05.24/ албан ёсоор эхэлсэн. Сонгуулийн сурталчилгааны хүрээнд сайд болон УИХ-ын гишүүд хөдөө орон нутагт, сонгогдсон тойрогтоо идэвхтэй ажиллаж байна.

Тухайлбал, Шадар сайд С.Амарсайхан орон нутагт ажиллаж малчидтай уулзан “Улсын аварга малчин” цол тэмдэг гардуулах гэх мэтээр ажиллаж буй бол Хууль зүйн сайд Х.Нямбаатар баруун аймгуудад ажилласан юм. Цаашлаад Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь томилолт авч сонгуулийн сурталчилгааны хүрээнд орон нутагт ажиллан холбогдох хүмүүсийг шагнаж, уулзалт хийн явж байна.

Тэдгээрээс ганц Хууль зүйн сайд Х.Нямбаатар л сүр дуулиантай, төрийн гурван өндөрлөгийн дайтай тусгай хамгаалалттай явсан гэх. Энэ нь баруун аймгийнхний шүүмжлэлд өртөж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын дайтай хамгаалалттай явдаг сайд байдаг юм уу гэх мэтээр ярьж байна.

Энэ нь Х.Нямбаатарын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсоноосоо хойш хийж буй орон нутаг дахь анхны томилолт юм. Тэрбээр аймгуудад ажиллах үеэр Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс болон аймгийн Архивын тасгийн хамт олонтой уулзаж, ажлын нөхцөл байдалтай нь танилцаж, тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэх, хууль зүйн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг орон нутагт жигд хүргэх, алба хаагчдынхаа ажиллах нөхцөл байдлыг сайжруулахад анхаарах асуудлыг хэлэлцсэн байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6.1-д

  • 1/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд;
  • 2/Улсын Их Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайдын үүргийг орлон гүйцэтгэгч;
  • 3/Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байсан иргэнийг хуульд заасан хугацаанд;
  • 4/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн компани эхэлсэн өдрөөс сонгуулийн албан ёсны дүн гарах хүртэлх хугацаанд, Улсын Их Хурлын даргад болон Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшигчийг нэр дэвшсэн өдрөөс албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд;
  • 5/Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн газрын тэргүүн, өөрийн хамгаалалттай ирсэн дээд, өндөр хэмжээний зочин.
  • 2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан хамгаалуулагчийн албан үүрэгтэй нь холбогдуулан түүний эхнэр / нөхөр/ , насанд хүрээгүй хүүхдийн амь биед гадны аюул учирч болзошгүй тохиолдолд тухайн нөхцөл байдал арилах хүртэл тэднийг төрийн тусгай хамгаалалтад түр хугацаагаар авч болно.

Тэгэхээр Засгийн газрын сайдад төрийн өндөржүүлсэн хамгаалалт шаардагдахгүй нь. Ганц сайд төрийн гурван өндөрлөг шиг автомашины урт цуваатай, тусгай өндөр хамгаалалттай явах нь иргэдийн нүдэнд “сайхан” биш төрийн мөнгөнд үрэлгэн хандсан, хэт сүржигнэсэн л харагдсан хэмээн иргэд ярьж байна.