Ж.Ганбаатар: Банк, санхүүгийн салбарт шинэчлэл эхэлж байна

Ж.Ганбаатар: Банк, санхүүгийн салбарт шинэчлэл эхэлж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын намрын ээлжит чуулганы хугацаанд Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нийт 3 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Энэ талаар тус байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцуулах үеэр мэдээлэв. Намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо дангаараа 11 удаа хуралдаж,  бусад байнгын хороодтой хамтарсан 3 удаагийн хуралдаан зохион байгуулжээ. Хуулийн төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багууд 30 гаруй удаагийн хуралдаж, давхардсан тоогоор 36 асуудал хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлүүлсэн байна. 

Намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн батлуулсан бусад хууль, тогтоолын талаар байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, "Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж буй. Энэ хуульд зааснаар одоо ажиллаж байгаа банд ирэх оны 6 дугаар сарын 30-ны дотор компанийн хэлбэрээ өөрчилж, банкны системд нөлөө бүхий банк нь нээлттэй хувьцаат компани, бусад банк нь хувьцаат компани хэлбэртэй байхаар зохицуулалт тусгасан. Ингэхдээ жижиг хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах үүднээс банкны хувьцаа эзэмших аливаа этгээд, түүний холбогдох этгээдийн хувьд банкны нийт саналын эрхтэй хувьцааны хувь хэмжээ 20 хувиас хэтрэхгүй байхаар тусгалаа. Ингэснээр банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэрт байдлыг бүрдүүлэх юм. Ингэж удирдлагын хэт төвлөрлийг бууруулснаар эрсдэл буурна, эрсдэл буурснаар зээлийн хүү буурч, хадгаламж баталгаажиж, банкны үйл ажиллагаа тунгалаг болно" гэлээ.

Түүнчлэн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их  Хурлын тогтоолд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахаар заажээ. Банкны системийн эрсдэлээс сэргийлэх, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлэх, мөчлөг сөрсөн арга хэрэгслийг ашиглан банкны салбарт учирч болзошгүй сөрөг нөлөөг бууруулж, банкны эрсдэл даах чадварыг хадгалах, үндэсний төлбөрийн системийн эрх зүйн орчныг сайжруулах замаар шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг дэмжиж, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг бодлого, чиглэлүүдийг тодорхойлжээ. 

Мөн УИХ-ын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар “Эдийн засаг, санхүүгийн зах зээлд үүссэн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хууль, УИХын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг”-ийг байгуулсан. Тус ажлын багийг байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ахлан ажиллаж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яам болон холбогдох эрдэмтэн, судлаачдыг оролцуулан ажлын багийн өргөтгөсөн хуралдааныг 3 удаа зохион байгуулжээ.

Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн шатанд хүлээгдэж байгаа нийт 15 хууль, тогтоолын төсөл байгаа бөгөөд эдгээр хууль, тогтоолын төслийг чуулган, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах 15 ажлын багийг шинээр болон шинэчлэн байгуулжээ.