Асуудлыг сөрдөг залуус АН-ын ирээдүйг тодорхойлох уу

Асуудлыг сөрдөг залуус АН-ын ирээдүйг тодорхойлох уу

АН-ын дараагийн дарга дүрмийнхээ дагуу, нийт гишүүдийнхээ олонхийн саналаар сонгогдож, тус намын дотоод маргаан цэгцрэх шатандаа орж байх шиг байна. 

Учир нь тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэх залуу “Дүрэмд заасны дагуу намын даргын сонгуулийг явуулна. Ингэж байж АН-д үүсээд байгаа шившгийн асуудал цэгцэрнэ. Намаа аврахыг хүсч буй бол дотоод сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Дараагийн даргыг сонгож байж С.Эрдэнэ ажлаа өгөх дүрэмтэй” гэж мэдэгдсэн нь С.Эрдэнийн тамга хүчинтэй юу, Ц.Тувааны тамга хүчинтэй юу гэсэн олон гишүүдийнхээ эргэлзээг тайлах шиг боллоо. 

Мөн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндав гэх залуу сүүлийн жилүүдэд тус намын бодлого шийдвэрийг сөрж, шүүмжилж, мөн ч их явсан. Бас энэ хугацааныхаа зарим алдааны талаар, “2020 оны АН-ын ялагдалд би ч гэсэн буруутай. Уучлалт гуйж байна” гэж мэдэгдэж байв. 

Энэ мэтээр асуудлыг сөрдөг, АН-ын бусад залуучууд шиг жимстэй нэг модноос нөгөө рүү дамжиж явдаггүй, “Дүрмээ баримтал, өөрчлөгдье” гэж бүх үедээ анхааруулдаг залуус тус намд байгаа нь сайн хэрэг.

Тус хоёр залуу АН-ын анхан шатны бүх байгууллагаар дамжиж, асуудал дундуур нь туулаад ирж. Тухайлбал, И.Мөнхжаргал нь Өвөрхангай аймгийн АН-д явсаар тус намын Дотоод сонгуулийн хороо, АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ажилладаг байна. Зарим нь түүнийг З.Энхболдын хүн ч гэдэг аж. Харин П.Галиндав нь Нийслэлийн АН-ын анхан шатны байгууллагаар дамжиж явсаар өнөөдрийг хүрсэн Н.Алтанхуягийн хүн гэдэг байна. Энэ мэтээр асуудлыг сөрдөг, нэгнээс нөгөөд шилжээд байдаггүй залуус ирээдүйд АН-ын улс төрийн өнгийг тодорхойлж мэдэх юм.