ВИДЕО: Олны өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэж ухаан алдсан сувилагч нас бараагүй гэв

ВИДЕО: Олны өмнө коронавирусийн эсрэг вакцин хийлгэж ухаан алдсан сувилагч нас бараагүй гэв

АНУ-ын Теннесси мужийн сувилагч Тиффани Довер “Pfizer / BioNTech” гэх Covid-19 вакцины анхны тунг хийлгэсний дараа ухаан алдаж унасан бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж, улмаар түүнийг нас барсан гэх мэдээлэл олон улсын зарим хэвлэлүүдэд гарсан юм.

Үүний дараа иргэдийн дунд коронавирусийн эсрэг вакцин нь аюултай байж болзошгүй гэх хардлага төрөөөд байсан. Тэгвэл худал мэдээллийн эсрэг олон улсын байгууллага сувилагч Тиффани амьд байгааг тогтоожээ. Түүний ажиллаж байгаа эмнэлэг түүний сайн байгааг харуулсан видео бичлэг гаргасан байна.

Тиффани Довер бол АНУ-ын Теннесси мужийн Чаттануга дахь эмнэлгийн сувилагч юм.Тэрээр өнгөрсөн 2020 оны 12-р сарын 17-нд “Pfizer”-ийн бүтээсэн вакциныг хийлгэсний дараа ухаан алдаж буй нь камерын бичлэгт үлдсэн бөгөөд энэ нь вакцины улмаас болоогүй хэмээн тайлбарлажээ. Энэ талаар Тиффани дараа нь хэвлэлд мэдээлэхдээ “Би ямар нэгэн өвдөлт мэдэрснийхээ дараа ухаан алдах эмгэгтэй гэдгээ мэдсэн. Ямар нэгэн зүйлээс болж өвдөж эсвэл хөл, гарын хуруугаа хатгуулвал миний бие тийм хариу урвал үзүүлдэг болохыг олж мэдсэн” гэж “WRCB” мэдээний сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Их Британийн эрүүл мэндийн яам эм болон хоол хүнсэнд харшлын хариу үйлчлэл хурцаар илэрдэг хүмүүст коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээ түр хойшлуулахыг зөвлөж буй. Учир нь аль ч төрлийн вакцин харшилтай хүмүүсийн биед сөрөг нөлөө үзүүлэх явдал түгээмэл байдаг бөгөөд вакцин хийлгэхээсээ өмнө харшилтай эсэхээ мэдэгдэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөдөг байна.

Эх сурвалж: India Today