Армени, Азербайжаны дайн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Армени, Азербайжаны дайн хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Өнгөрсөн ням гарагт /2020.09.27/ Армени, Азербайжан улсуудын хооронд Карабахын асуудлаар ширүүн мөргөлдөөн болж, олон тооны хүн амиа алдсан. Мөргөлдөөн Азербайжаны нисдэг тэргийг хил зөрчсөн гэсэн шалтгаанаар Армены тал сөнөөснөөс эхэлсэн юм. Тэгвэл мөргөлдөөн өчигдөр /2020.09.28/ улам эрчимжжээ. Энэ талаар Карабахын зэвсэгт бүлгийн тэргүүн Арайк Харутунян “Талууд харилцан нэг нэгнийхээ эсрэг пуужин харваж, их буугаар галлаж, тулалдаж байна. Үхэл, амьдралыг шийдэх дайн болж байна” гэжээ.  

Карабах дахь армени үндэстний зэвсэгт бүлэглэл ням гараг 31 хүн алагдаж, 200 орчим хүн нь шархадсан тухай мэдээлж байсан бол өчигдөр 27 хүнээ алдсан гэж мэдээлжээ. Харин Азербайжаны цэргийн албан тушаалтнууд “Интерфакс” агентлагт мэдээлэхдээ щАрменийн 550 гаруй цэрэг амь үрэгдсэн /шархадсан хүмүүсийг оруулаад/ гэж мэдээлсэн ч Армений талаас няцаав.

Түүнчлэн Арменчууд зонхилдог уулын Карабахын албан тушаалтнууд одоогоор Азербайжаны 58 цэргийн албан хаагч амь үрэгдсэн бөгөөд ням гарагт энгийн хоёр иргэн амь үрэгдсэн гэжээ.

Азербайжан улс ням гарагт зарим бүс нутагтаа дайны байдал зарласан бол өчигдөр эрчүүдийг цэрэгт дайчлах ажил зохион байгуулж эхэлсэн байна. Армени болон Уулын Карабахт мөн дайны цагийн дэглэм тогтоож, цэрэг татлага явуулсан байна. Үүнээс гадна Армени улс 18-аас дээш насны эрчүүдээ хилээр гарахыг хориглоод байгаа аж.

Талуудын газар нутгийн маргалдаан олон жилийн өмнөөс эхэлсэн. Тодруулбал, Уулын Карабахын өөртөө засах муж 1988 оны хоёрдугаар сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улсын бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа талуудын мөргөлдөөн эхэлсэн. 1992-1993 онд болсон зэвсэгт мөргөлдөөнөөр Азербайжан Уулын Карабахад тогтоосон хяналтаа бүр мөсөн алдсан ч тус бүс нутгийг өөрсдийн газар нутаг гэж үзсэн хэвээр байгаа юм.

Дайны үеэр гэмтсэн хүү

Уулын Карабахт өрнөж буй “олон жилийн дайныг” ОХУ-Туркийн хооронд эчнээгээр өрнөж буй тэмцэл гэсэн өнцгөөс харагсад ч цөөнгүй байдаг. Турк нь Азербайжаны хамгийн ойрын холбоотон, харин ОХУ Армен улсад зэр зэвсгийн туслалцаа байнга үзүүлдэг.

Энэ удаагийн мөргөлдөөн урьд нь өрнөж байгаагүй томоохон хэмжээний мөргөлдөөн болж байна хэмээн судлаачид үзэж байна.

Crisis Group стратегийн судалгааны байгууллагын Өвөр Кавказын бүс хариуцсан ахлах шинжээч Олеся Вартанян “1990-ээд оны дайны дараа гал зогссоноос хойш бид ийм өргөн хэмжээний мөргөлдөөн үзээгүй. Энэ удаагийн тулаан фронтын бүх хэсэгт өрнөж байна”  гэжээ.

Хэдийгээр Турк, ОХУ, Франц, Ромын пап талуудыг нэгдсэн зөвшилцөлд хүрч, найрамдахыг уриалж байгаа ч талууд бие биенээ буруутай хэмээн үзсэн хэвээр байна.

Эх сурвалж: APnews