ВИДЕО: Армен, Азербайжаны хооронд мөргөлдөөн үүсч, талууд дайны бэлэн байдалд шилжлээ

ВИДЕО: Армен, Азербайжаны хооронд мөргөлдөөн үүсч, талууд дайны бэлэн байдалд шилжлээ

Өчигдөр /2020.09.27/ Армян, Азербайжан улсуудын хооронд Карабахын асуудлаар ширүүн мөргөлдөөн болж, олон тооны хүн амиа алдлаа. Мөргөлдөөн Азербайжаны нисдэг тэргийг хил зөрчсөн гэсэн шалтгаанаар Армены тал сөнөөснөөс эхэлсэн юм.

Тодруулбал, өглөөний 06.00 цагийн үед Армен “Азербайжан агаарын дайралт хийлээ” хэмээн онц байдал зарлаж, цэргүүдээ байлдааны бэлэн байдалд шилжүүлсэн байна. Улмаар Армены хоёр цэргийн нисдэг тэрэг болон гурван танкийг сөнөөжээ. Одоогоор хоёр тал дайны бэлэн байдал зарлаж, хилийн зурваст цэргүүдээ байрлуулаад байна.

Энэ талаар Армены Ерөнхий сайд Никол Пашинян “Засгийн газар цэргүүдээ бэлэн байдалд шилжүүлж, дайчилгаа явуулахад бэлэн байна. Бидний хариу үйлдэл "пропорционал" байх болно. Азербайжаны цэрэг, улс төрийн удирдлага бүх хариуцлагыг үүрэх ёстой" гэсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаад байна. Мөн тэрээр Азербайжаныг "урьдчилан төлөвлөсөн түрэмгийлэл" хийсэн гэж үзэж байгаа юм. Мөргөлдөөний үеэр Карабахын бүс нутагт 10 гаруй иргэн амь үрэгдсэн бол Азербайжанд ч тодорхойгүй тооны хүн амь үрэгдсэн хэмээн мэдээллээ. Талууд одоогоор амь үрэгдсэн хүмүүсийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

  Азербайжаны танкийг сөнөөсний дараах дэлбэрэлт

-АРМЕН, АЗЕРБАЙЖАНЫ МӨРГӨЛДӨӨН ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭВ-

Талуудын газар нутгийн маргалдаан олон жилийн өмнөөс эхэлсэн. Тодруулбал, Уулын Карабахын өөртөө засах муж 1988 оны хоёрдугаар сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улсын бүрэлдэхүүнээс гарч буйгаа мэдэгдсэний дараа талуудын мөргөлдөөн эхэлсэн. 1992-1993 онд болсон зэвсэгт мөргөлдөөнөөр Азербайжан Уулын Карабахад тогтоосон хяналтаа бүр мөсөн алдсан ч тус бүс нутгийг өөрсдийн газар нутаг гэж үзсэн хэвээр байгаа юм.

Олон жил үргэлжилсэн мөргөлдөөний улмаас 30 мянга гаруй гэм зэмгүй хүн амь үрэгдэж, хэдэн мянган хүн гэр орноосоо дайжжээ.

Хамгийн сүүлд 2016 оны дөрөвдүгээр сард Армен, Азербайжаны хооронд мөргөлдөөн дэгдэж, 200 гаруй хүн амь үрэгдсэн байдаг. Мөн  өнгөрсөн долдугаар сард болсон мөргөлдөөний үеэр 16 хүн амиа алдсан юм. Мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах хэлэлцээрийг 1992 оноос хойш хийж байгаа ч талууд зөвшилцөлд хүрч чадахгүй удаж буй.

Талуудын газар нутгийн маргалдааныг харуулсан газрын зураг

-МӨРГӨЛДӨӨНИЙ ТАЛААР ХОЛБООТОН ОРНУУД ЮУ ХЭЛЭВ-

Уулын Карабахт өрнөж буй “олон жилийн дайныг” ОХУ-Туркийн хооронд эчнээгээр өрнөж буй тэмцэл гэсэн өнцгөөс харагсад ч цөөнгүй байдаг. Турк нь Азербайжаны хамгийн ойрын холбоотон бөгөөд зэвсэгт мөргөлдөөн гарсан даруйд тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган цэргийн албан хаагчид амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр Армен улсыг "бүс нутгийн энх тайван байдалд хамгийн том аюул заналхийлэл учруулагч" хэмээн нэрлэж Азербайжанд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн 2016 оны мөргөлдөөний үеэр тэрээр "Уулын Карабахын асуудалд Турк улс анхнаасаа Азербайжаны талд байсан бөгөөд цаашид ч хамт байх болно” гэдгээ илэрхийлж байжээ.

Мөргөлдөөний дараа Франц улс талуудыг байлдааны ажиллагаагаа зогсоож, яриа хэлэлцээр нэн даруй эхлүүлэхийг уриаллаа. Түүнчлэн Ромын пап Армен, Азербайжаны энх тайвны төлөө залбирч буйгаа мэдэгдэн, санал зөрөлдөөнөө энх тайвнаар шийдвэрлэхийг уриалсан юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн яам гал зогсоохыг яаралтай сануулж, нөхцөл байдлыг тогтворжуулах талаар яриа хэлэлцээр хийхийг дэмжээд байна.

 

Эх сурвалж: Aljazeera