Навальныйг хордуулсантай холбоотойгоор "Умард урсгал-2" төсөл зогсож магадгүй

Навальныйг хордуулсантай холбоотойгоор "Умард урсгал-2" төсөл зогсож магадгүй

Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих “Умард урсгал-2” төслийн ирээдүй бүрхэг болсоор. Уг төсөл нь 11 тэрбум ам.долларын өртөгтэй бөгөөд саяхныг хүртэл Герман улс төслийг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан билээ. Гэвч ОХУ-ын сөрөг хүчин болох А.Навальныйг хордуулсан хэрэг гарснаас болж уг төсөл зогсонги байдалд шилжээд байна.

Энэ талаар Герман улсыг төлөөлөн Европын Холбоонд сууж буй төлөөлөгч Мосс “Хэрэв ОХУ-ын зүгээс сөрөг хүчний төлөөлөгч А.Навалныйг хордуулсантай холбоотой бүхий л талын мэдээллийг үнэн, зөвөөр нь гаргаж өгөхгүй бол “Умард урсгал-2” төслийн талаар цаашид хүч тавих, хэлэлцэх боломжгүй болно” гэжээ.  

Энэ хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий зөөвөрлөх хүчин чадалтай. Тус хоолойг барихыг эсэргүүцэж буй орны тоонд Украин хийгээд Польш, Латви, Литв зэрэг Европын хэд хэдэн улс болон АНУ багтаж байгаа бөгөөд тэд энэхүү төслийг улс төрийн шинжтэй бөгөөд Европын эрчим хүчний аюулгүй байдалд аюул учруулж байна гэж үзэж байгаа юм. Украин бол Оросоос Европт нийлүүлж буй хийг нутаг дэвсгэрээрээ дамжуулан өнгөрүүлснээр ашиг олдог транзит улс бөгөөд “Умардын урсгал-2” ашиглалтад орсноор Оросын хийнээс орлого олох боломжгүй болно гэж болгоомжилж байгаа юм.

Харин ОХУ “Умардын урсгал-2”-г цэвэр арилжааны бөгөөд өрсөлдөх чадвартай төсөл хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр Оросын хийг Украинаар дамжуулан Европын Холбоо руу нийлүүлэх транзит зогсоно гэсэн үг биш юм гэдгийг цохон тэмдэглэсэн байдаг.

Эх сурвалж: Guardian