Улсын арслан Р.Пүрэвдагва 2024 онд Бөхийн өргөөнд анх удаа түрүүллээ

Улсын арслан Р.Пүрэвдагва 2024 онд Бөхийн өргөөнд анх удаа түрүүллээ

Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний 20 жилийн ойд зориулсан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, улсын ахлах цэц, улсын харцага Д.Батболдын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Их богд” дэвжээний бөх, үнэн зоригт улсын харцага Н.Золбоо үзүүрлэв. Улсын арслан Р.Пүрэвдагвын хувьд 2024 онд бөхийн өргөөнд анх удаа түрүүлж байгаа нь энэ. Бөхийн өргөөнд тогтмол барилдаж буй тэрбээр дөрөв үзүүрлэж, дөрөв шөвгөрөөд байсан бол энэ удаа түрүүллээ. Их шөвөгт Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа.Харин дунд шөвөгт улсын харцага Л.Лха-Очир, улсын өсөх идэр начин Э.Даш, улсын начин Ө.Батзул, цэргийн арслан Г.Жамбалдорж нар үлдэв.

Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй улсын харцага Д.Батболдод МҮБХ болон жаяг дэгийн багийнхан, шавь нар, нутгийн зөвлөл, бөхчүүд, ахан дүүс, найз нөхөд тэргүүтэй олон хүн хүндэтгэл үзүүлж байлаа. Мөн харцага өөрийн аав, ээж болон, багш нараас гадна ивээн тэтгэгч, Баянхонгор аймгаас төрөн гарсан улсын цолтнуудад хүндэтгэл үзүүлсэн юм.Дараагийн барилдаан энэ сарын 10-нд Увс аймгийн Тэс сумын түүхт 100 жилийн ой, 11-нд “Алтанжолоо” группийн нэрэмжит улсын арслан цолны хүндэтгэл, 12-нд Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ой, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан Дэндэвийн Амгаагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.