А.Ганбаатар: Ерөнхий сайд болох бүх тохироог хийсэн өдрийн орой С.Зоригийг минь хөнөөсөн /ВИДЕО/

А.Ганбаатар: Ерөнхий сайд болох бүх тохироог хийсэн өдрийн орой С.Зоригийг минь хөнөөсөн /ВИДЕО/

Одоогоос 26 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн С.Зориг бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний төрсөн өдөр өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тохиож байна. Тэрбээр амьд сэрүүн байсан бол 64 нас хүрэх байв. Энэ өдөр түүний найз А.Ганбаатартай ярилцлаа. 

ВИДЕО: 

-ЗОРИГ ИХ СУРГУУЛИЙН БАГШ БАЙХДАА ТАНХИМД ТАМХИ ТАТДАГ, СЭХЭЭТЭН ГЭЖ ХЭЛЭХЭЭРГҮЙ ТАНХАЙ БАЙДЛААР БИЕЭ АВЧ ЯВДАГ БАЙСАН-

-Танд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригт агсны мэндэлсний ой тохионо. Тиймээс энэ өдрийн өмнө тантай түүний эзгүй 30 жилийн хугацаанд Монголын нийгэмд ямар өөрчлөлт гарав гэдэг асуудлаар ярилцах гэж байна. Та бол С.Зориг агсны сайн найз шүү дээ. Та хоёр анх хэдэн онд, яаж танилцаж байв? 

-Зоригтой анх танилцсаныг яривал урт түүх болж магадгүй. Би 1984 онд МУИС-ийн Физик, математикийн тэнхимд математикийн багшаар ажилд орсон. Тэр үед Их сургуульд залуу багш нарт зориулсан Улс төрийн дугуйлан маягийн юм ажилладаг байлаа. Долоо хоногт нэг удаа цугладаг дугуйланд маань 1988 онд нэг шинэ залуу хүн хөтлөгч багшаар орж ирсэн. Тэр нь Зориг байсан юм. Ингэж бид анх танилцсан. Тухайн үед Улс төрийн дугуйлангийн хөтлөгч багш нар ихэвчлэн Шинжлэх ухааны, коммунизмын, философийн чиглэлийн онол ярьдаг байсан. Тэр үед Зориг жаахан этгээд нөхөр харагддаг байсан. Залуу байсан л даа.

Надаас жаахан хойно их сургуулийн багш болсон. Нэлээд танхайдуу өмднийхөө түрүүг гутландаа чихчихсэн ч байх шиг. Танхимд тамхи татах маягтай, сэхээтэн гэу хэлэхээргүй гаж байдлаар биеэ авч явдаг залуу багштай анх учирч байлаа. Зориг дугуйлангийн хичээлийн үеэр бидэнд ярьдаг байсан гол сэдэв нь ЗХУ-д өрнөсөн “Перестройка”-ын /Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачёвын 1985 онд санаачилсан ЗХУ-ын эдийн засаг, улс төрийн бүтцэд гарсан өөрчлөлтийг хэлдэг/ тухай байсан.

Зориг маань тэр үед ЗХУ-д мэргэжил дээшлүүлсэн ч юм уу сургалтад сурсан ч юм уу ямартай ч Орост өрнөж буй перестройка, ил тод байдал, өөрчлөн байгуулалт гэдгийг газар дээр нь биеэр үзэж, мэдрээд ирсэн байсан. Тиймээс социализмыг засаж сайжруулахаар анх М.С.Горбачёвын гаргасан өөрчлөн байгуулалтын чиглэлийг Монголд байгуулах ёстой гэж ярьдаг байсан.  Түүнийгээ бидэнтэй хуваалцдаг багш байлаа. Тэр “Орост болохгүй, бүтэхгүй зүйлсийг ил тод ярьдаг болсон. Бид одоо тэгж ярих хэрэгтэй. Системийг бүхэлд нь өөрчлөн засаж, сайжруулах ёстой” гэсэн нэг тийм өдөөн хатгасан байдалтай яриа ярьдаг байсан. Гэвч бид тухайн үед хамаагүй ил тод шүүмж хэлж болдоггүй байлаа шүү дээ. Өөрт нь халтай. Болдоггүй байсан гэдэг дээр нэг жишээ дурдвал, 1987 оны үед МУИС-д багш, оюутнуудыг дугуй зааланд цуглуулж байгаад хэсэг нөхөд “өөрчлөн байгуулалт хэрэгтэй гэдэг зүйл бий болж байна. Бидэнд өөрчлөн байгуулалт хэрэгтэй. Ил тод байдал гэдэг зүйл бий болж, болохгүй бүтэхгүй зүйлсийн талаар үзэл бодлоо илэрхийлдэг цаг ирлээ. Манайд баригдсан үйлдвэр аж, ахуйн газрууд ашиггүй байдаг” гэсэн утгатай юм ярьсан. Багш оюутнууд ч дагаад ил тод ярьж эхэлсэн. ЗХУ-ын Монголын талаарх баримталж буй бодлогыг шүүмжлэх маягтай. Тэгсэн түүний дараа ил тод байсан оюутан, багш нарыг шийтгэж, багшлах эрхийг нь хасаж, оюутнуудыг сургуулиас нь хассан. Ерөөсөө л 1987, 1988 онуудад ийм л байдалтай байсан. Хөөгдсөн хүмүүсийн нэг нь  Лхамжав багш байв. Хожмоо иргэн Лхамжав хэмээн алдаршсан шүү дээ. 

-Хөөгдсөн багш нарын нэг нь С.Зориг байв уу?

-За тэгээд л дугуйлангийн багш Зориг маань алга болчихсон. Тэгсэн 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголын Залуучуудын холбоо байгуулагдаж анхны жагсаалаа хийсэн. Гэтэл тэнд манай  багш Зориг маань явж байсан. Холбоо байгуулж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэж завгүй гүйгээд дахиж багшлаагүй юм байна лээ. Тэр хооронд манай МУИС-д үзэл бодлоо чөлөөтэй ярилцдаг багш, оюутнуудын бас нэг дугуйлан бий болсон. Энэ дугуйлангийн нөгөө талд буюу их сургуулийн эсрэг жигүүрт нь Зориг тэргүүтэй Ардчилсан холбооныхон үйл ажиллагаа явуулж байсан. МУИС-ийн хоёр жигүүрт системийн эсрэг хоёр хөдөлгөөн байгуулагдаж байсан. Миний хувьд 1984 оноос Зоригтой танилцаж, дотно болсон. Ингэж явсаар 1992 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Ардчилсан хүчний гэх таван хүн сонгогдсон. Эдгээрийн нэг нь Санжаасүрэнгийн Зориг байсан. Мөн Энхсайхан, Гончигдорж, Ганболд, Элбэгдорж нар сонгогдсон. 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Пунсалмаагийн Очирбат МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэгээд П.Очирбатын хүсэлтээр М.Энхсайхан Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар шилжин ажиллах болоод УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн. Тэр үеийн хуулиар М.Энхсайханы дараагийн хүн болох миний бие УИХ-ын гишүүн болж байсан юм. М.Энхсайханы ажиллаж байсан дөрвөн давхрын өрөөнд нь суух болсон. Миний эсрэг талын өрөө Зоригийнх байж таарч бид хоёр хөрш өрөөнд ажиллах болсон. Тэр цагаас бүр ойртож дотносох, санаа оноо нийлэх асуудал эхэлсэн.

-Тэр үеийн улс төрийн нөхцөл байдал ямар байв. Тэр дундаа 1996-1998 оныг онцолж яривал?

-1989 оноос  олон улсын социалист систем ээлж дараалан нуран унасан. 1990 оноос олон улсын социалист системд харьяалагдаж байсан Монгол Улс мөн дагаад өөрчлөгдөж, олон улсын жишигт орох гадаад нөхцөл бүрдсэн. Жишээлбэл, миний хувьд Польш Улсад суралцаж төгссөн хүн. Тэр улсад болж буй үйл явдлын мэдээг цаг тухайд нь авдаг. Сонин хэвлэлийг нь ашигладаг байсан. Ер нь тухайн үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн дийлэнх нь гаднын улсад суралцаж төгссөн байсан тул олон улсад юу болж тэр нь бидэнд хэрхэн нөлөөлөхийг бүгд мэдэж байсан. Социалист систем нурж унасан ч Монгол Улс дахин бүрэлдэн бий болох хөрс суурь манайд байсан. Ингээд ЗХУ ч өөрөө задарч, бутарч эхлэхэд бид ч мөн ухрах замгүй ажиллаж, эд бужигнаж эхэлсэн. Монгол Улс хаягдчихсан үе байсан шүү дээ. Ингээд бид монголын ард түмэн дэлхийн хөгжил руу орох ёстой гэдэг л алхам руу шууд зүтгэж байсан. Нам, хувь хүн хамаагүй бүгд л нэг зорилготой зүтгэдэг болчихсон байсан.

-ЗОРИГИЙГ ЕРӨНХИЙ САЙДАД ДЭМЖҮҮЛЭХ БҮХ ТОХИРООГ БИД ХИЙЖ ЧАДСАН ТҮҮНИЙГ МААНЬ ХӨНӨӨСӨН-

1990 онд анхны ардчилсан сонгуулиа хийсэн. Процесс ч хурдан явсан, гайхалтай. Үйл явц тийм хурдан өрнөнө гэж хэн ч төсөөлөөгүй. Ингээд Ардын Их хурал байгуулагдаж, Үндсэн хуулиндаа олон намын тогтолцоотой болох заалтыг оруулсан шүү дээ. Ингээд Монголд олон намын систем бүрэлдэх, олон намын оролцоотой чөлөөт сонгууль явуулах нөхцөл бүрдсэн юм. Чимэд гуай системийн шилжилтийн суурийг маш сайн тавьж өгсөн. Үүний хүчинд Улс төрийн намын тухай хуулийг баталж намуудыг бүртгэсэн. Монгол Ардын Хувьсгалт нам хамгийн эхэнд бүртгүүлсэн. Үүр цүүрээр очиж бүртгүүлсэн гэдэг. Дараа нь Монголын Ардчилсан нам бүртгүүлэх байсан ч жагсаал, цуглаан хийдэг гэх шалтгаанаар Улсын дээд шүүх бүртгээгүй.  Ингээд дараа нь манай Социал демократ нам бүртгүүлэх байсан ч "Ардчилсан намыг бүртгэхгүй бол бид бүртгүүлэхгүй" гэж хэлээд хойш суусан. Тэгсэн чинь Монголын Үндэсний дэвшлийн нам гуравдугаарт бүртгүүлчихдэг юм. Дөрөвдүгээрт нь Чөлөөт хөтөлбөрийн нам бүртгүүлсэн. 10-20 хоногийн дараа Улсын дээд шүүх аргагүйн эрхэнд Ардчилсан намыг бүртгэсэн. Тэгээд тавдугаарт бүртгүүлсэн. Нийт зургаан нам бүртгүүлсэн дээ. Тэгээд 1990 оны долдугаар сарын 22-29-ны өдөр анхны ардчилсан чөлөөт сонгууль болсон. 

1998 онд С.Зориг агсныг Ерөнхий сайдаар томилох гэж байсан талаар хүмүүс янз бүрээр ярьдаг?

-Гол асуулт чинь энэ л биз. Зориг бид хоёр 1993 оноос 1998 оныг хүртэл таван жил сайхан нөхөрлөсөн. Хоёулаа МУИС-д багшилж байсан. Хоёулаа гадаадад сургууль төгссөн. Ижил төстэй зүйл байсан учраас амархан хэл, үгээ ололцдог байв. 1996 оны сонгуульд хоёулаа сонгогдож, гишүүн болсон. Бидний энэ нөхөрлөл явсаар 15 хүнтэй фракц үүсгэх хэмжээнд хүрсэн юм. М.Энхсайханы Засгийн газар 1998 онд огцорч, Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Олон шалтгаан байснаас хамгийн гол хүчин зүйл Ардчилсан холбоо эвслийн 50 хүний дургүйг хүргэсэн байсан. Огцрох нөхцлөө өөрөө бий болгосон гэсэн үг. Нөгөө талаас огцруулах сонирхол Үндэсний ардчилсан нам дотор их байсан. 

Гэтэл  Сэргээн босголтын банкийг Голомт банктай нийлүүлэх шийдвэр гаргасан гэх үндэслэлээрхоёр, гуравхан сарын дараа  Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан. Энэ асуудал маш их шуугиан дэгдээсэн. Ингээд Да.Ганболдыг Ерөнхий сайдад долоон удаа нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч Н.Багабанди зөвшөөрөхгүй, УИХ-д нэрийг нь оруулахгүй байсан. Эрдэнэт үйлдвэрт Отгонбилэгийг тавь гэх шахалтыг зөвшөөрөхгүй байсан учраас Да.Ганболдыг хүлээж аваагүй гэх яриа хожим гарсан. Бүр болохгүй болохоор нь Э.Бат-Үүлийг дэвшүүлсэн ч бас буцаасан. Ингээд хүнд байдал орсон учраас Зоригийн фракцынхан "Зоригийн нэрийг дэвшүүлэх цаг ирлээ" гэдэг яриа тохироог хийж эхэлсэн. Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх лидерүүдээс хэн байгаа билээ гэхээр Зориг л байсан. 

Зориг бол эхэндээ зөвшөөрдөггүй байсан. Мухардаж явсаар 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Зориг зөвшөөрсөн. 

Түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлбэл, нэгдүгээрт МАХН-аар дэмжүүлэхээр бид зөвшилцөж чадсан. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Н.Багабанди буцаахгүй гэдэг хариуг тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга С.Баяраар дамжуулж бидэнд өгсөн. Гуравдугаарт, Монголын Үндэсний ардчилсан намын ерөнхий зөвлөл, Социал демократ намын улс төрийн зөвлөлөөр дэмжүүлэх дээр мөн бид ойлголцож чадсан. Тиймээс бид Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч аравдугаар сарын 02-ны өдөр түүнийг маань хөнөөсөн. Энэ үнэхээр аймшигтай хэрэг болсон. 

-Түүний эзгүй 30 жилийн хугацаанд Монголын нийгэм яаж өөрчлөгдсөн гэж та хардаг вэ? 

-Хэрвээ Зориг байсан бол гэж ярьж чадахгүй. Гэхдээ Зоригт бодол,төлөвлөгөө байсан.  1998 он хүртэл романтик үе байлаа шүү дээ. Харин 1998 оноос хойш улс төрийг бүхэлд нь мөнгө болгосон. Н.Энхбаяр нэг хэсэг хаан шиг байж, улс төрийг мөнгө болголоо шүү дээ. Улс төр, албан тушаалыг ашиглаж мөнгөтэй болж, хулгай хийж болдог юм байна гэдэг ойлголтыг энэ үеэс л өгсөн. УИХ-ын сонгууль ч мөнгөний систем болсон. Одоо бол улс төрийн үзэл баримтлалтай нам байхгүй болсон гэж би боддог. 

-ЗОРИГИЙН ХӨШӨӨ БАЙХ ЁСТОЙ ГАЗРАА БАЙХ ЁСТОЙ-

-Дөрөвдүгээр сарын 20-н бол монголчууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг өдөр. Та мөн очих байх. Гэтэл сүүлийн үед түүний хөшөөний газрыг зарж, хөшөөг нь нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж эхэлсэн. Энэ мэдээллийг та сонссон уу? 

-Би Ардчилсан намынхныг хараад гайхдаг. Зоригийг амьд сэрүүнд нь хайрлахгүй яасан юм та нар. Нас барсан хойно нь уйлж, дуулаад л "Бид нарын хайртай Зориг" энэ тэр гээд л. Ардчилсан намын удирдлагууд Зоригийг их хавчин гадуурхаж байсныг би мэддэг юм. Тиймээс би тэд нартай хамт очиж шоуддаггүй. Харин би шарил тавьсан газар болох Алтан-Өлгийд очно. Орой нь Зоригийнхоо хөшөөнд очиж хүндэтгэл үзүүлнэ.Газрын тухайд 1990 онд олон нам хөдөлгөөн бий болж, тэднийг ажиллах нөхцлөөр хангахын тулд байр өгөх хэрэгтэй гэдэг шаардлагыг Засгийн газарт тавьсан. МАХН нь Төрийн ордонд бусад нам нь гудамжинд байдаг. Адилхан намууд байж ингэж болохгүй гэдэг шаардлагыг тавьсан. Тэгээд Бямбасүрэн гуай гурван хөдөлгөөнд байр өгсөн. Монголын Ардчилсан хөдөлгөөнд хуучин Соёлын яам байсан байрыг өгсөн. Одоо Энэтхэгийн элчингийн хойд талд  байдаг байр. Монголын ардчилсан холбоо одоог хүртэл энэ байранд үйл ажилдагаа явуулдаг. харин Ардчилсан социалист хөдөлгөөнд Соёлын төв, дуурийн театрыг холбосон хүзүүвчийн байрыг өгсөн. Шинэ дэвшилтэд холбоонд одоо Зоригийн хөшөөний урд талд байгаа байрыг өгсөн. Өмчлүүлээгүй "энд үйл ажиллагаа явуул" гэж эзэмшүүлсэн юм. Гэтэл сүүлд юу болсон юм бүү мэд. Хэзээ өмчлөгдөж, зардаг үрдэг нөхцөл нь бүрдсэн юм Соёлын төв өргөө, Дуурийн театрын голд байсан барилгын газрыг Улаанбаатар банканд хэдэн тэрбумын барьцаанд тавиад алдчихсан.  Ийм байж болохгүй. Эзэмшүүлсэн газрыг зарчихдаг эрх зүйн нөхцөл байдал хэзээ үүссэн юм бүү мэд. Шинэ дэвшилтэд холбоонд өгсөн газар ч ялгаагүй эзэмшүүлэхээр өгсөн. Түүнээс биш энэ газар тус холбооны өмч биш. Яахаараа, хэн нь мэдээд зарчихдаг юм. Ер нь ийм хулгай, залилангийн ажил Монголоор дүүрэн болчихсон. 

Зоригийн хөшөө байх ёстой газраа байх ёстой. Зоригийн ажилдаа ирж, очдог зам дээр найзууд болох бид нар хөшөөг нь хийлгүүлж, байрлуулсан юм.

Найзууд бид нар нь мөнгө цуглуулаад С.Зориг санг байгуулсан. С.Зориг санг байртай болгож, төвлөрсөн мөнгөөр хөшөөг нь босгосон юм. Дэнзэн, Лэгдэн гэж ах, дүү алдартай барималчаар хөшөөг нь хийлгүүлсэн. Тэгэхээр хөшөөний газрыг нь нэг хүн эзэмшиж, зарна гэхээр гайхаж байна. Шүүхдэхээр асуудал байж мэдэхээр байгаа юм. Ноцтой асуудал. Шинэ дэвшилтэд холбооны дарга нь Батсүх гэж хүн байсан, бурхан болчихсон. Одоо эхнэр Цэнгэлийн нэр дээр тэр газар байшин байдаг юм шиг байгаа юм. Тэр Цэнгэл гэдэг хүн тэр газрыг эзэмшээд түүнийг мэдээд байх зохицуулалт байхгүй гэж бодож байна. С.Зориг санг анх байгуулсан хүмүүсийг хасаад оронд нь хачин хачин юмнууд болох С.Баярцогт нарыг оруулчихсан байна лээ. Үүнд гомдолтой байдаг.