О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн ойролцоо зарагдсан газруудын үнэлгээ нь 245 орчим тэрбум төгрөг гэж гарсан

О.Номинчимэг: Төв цэнгэлдэхийн ойролцоо зарагдсан газруудын үнэлгээ нь 245 орчим тэрбум төгрөг гэж гарсан

"Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийг нийслэлийн эзэмшилд 100 хувь авсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг болон "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан нар мэдээлэл өглөө. 

Энэ  үеэр О.Номинчимэг "Төв цэнгэлдэх хүрээлэн бүхэлдээ нийслэлийн иргэдийн өмч боллоо. Энэ асуудал нь нийслэлийн өмч үнэгүйддэг, шударга бусаар завшиж ирсэн олон жишээний нэг гэж бодож байна. Үе үеийн олон хүн мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг байсныг бид нэг талд нь гаргаж чадсан. Төв цэнгэлдэхийн асуудлыг өнгөрсөн оны есдүгээр сараас судалж, 2024 оны хоёрдугаар сараас эхлэн баримт бичиг, тооцоо судалгаанд үндэслэн албан хэлцлийг хийлээ. Хууль зөрчсөн үйлдэл их, засаглал тун сул явж ирсэн нь энэ явцад харагдсан. Түүнчлэн эргэн тойронд нь байсан газруудыг шилжүүлсэн, өөрт нь байсан хамгийн үнэ цэнтэй өмчүүдийг өөр хүмүүст шилжүүлж завшсан, Төв цэнгэлдэхийг хангалттай арчилж, дараагийн шатанд нь гаргаагүй. Ийм шударга бус зүйлтэй эвлэрч болохгүй. Бүх асуудлыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т өгсөн.

АТГ энэ асуудлуудыг хуулийн хүрээнд үнэлж дүгнэнэ. Түүнээс өмнө бидний хувьд хийж чадах ажил нь Компанийн хуулийн дагуу өр төлбөр ямар хэмжээнд байна вэ, хувьцаа эзэмшигч нар адил тэнцүү санхүүгийн зардал ачаагаа үүрч ирсэн үү гэдэг асуудал байсанд ажлын хэсэг ажиллалаа. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлээс нэлээд хөрөнгө оруулалт хийсэн ч тайлан тооцоонд ордоггүй, хувь эзэмшигч хувийн хэвшлийн тал хөрөнгө оруулаагүй, орлогын бүртгэл хангалтгүй байна. 

Иймээс өр төлбөрийг танилцуулж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг нь хэлэхэд 51 хувийг эзэмшигчийн өв залгамжлагч тал хөрөнгө оруулах боломжгүй тул өвөөсөө татгалзаж, өр төлбөртөө суутгаж тооцох саналыг бидэнд зөвшөөрснөөр өчигдөр бид хүлээн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Цаашид Төв цэнгэлдэхийн ойр орчимд үлдсэн газруудыг тусгай хэрэгцээнд авах шаардлага бий. Үүний тулд Засгийн газрын тогтоол гаргуулна. Зараад идчихсэн газрын асуудлыг зүгээр орхихгүй. АТГ-т өргөдөл өгсөн. Гэм буруутай хүн хэн бэ гэдэг нь шүүхээр тогтоогдсоны дараа нөхөн төлбөрөө нэхэх ёстой. 49 хувийг эзэмшиж байсны хувьд нийслэл ямар хэмжээний ашиг орлого, өмчөө алдсанаа тооцоолж гаргасан. Төв цэнгэлдэхийн ойролцоо зарагдсан газруудын үнэлгээ нь 245 орчим тэрбум төгрөг гэж гарсан" гэв.
 
ШУУД: