Агнуурын зөвшөөрөл олгох дуудлага худалдаа болно

Агнуурын зөвшөөрөл олгох дуудлага худалдаа болно

Тусгай зориулалтаар агнуурын амьтныг агнах, зөвшөөрөл олгох дуудлага худалдааг энэ сарын 22-ны өдрийн 14.10 цагт цахимаар зохион байгуулна.   

Энэ нь Монгол Улсын Засгийн газрын “Тусгай зориулалтаар 2024 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” 2024 оны 89 дүгээр тогтоол, Төв аймгийн Засаг даргын Дуудлага худалдаа зохион байгуулах ажлын баг байгуулах тухай 2024 оны А/223 дугаар захирамжийг үндэслэн зохион байгуулж буй ажил юм.

Тус ажлын талаар Төв аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Шинэбаяраас тодруулахад, “Дуудлага худалдааны бүртгэл энэ сарын 21-ний 12.00 цагт дуусна. Босго үнэ агнуурын амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20 хувь байна. Өсгөх үнийн хязгаар нь оролцогч дуудлага худалдааны үнийг нэг удаад өсгөх доод хязгаар нь босго үнийн 10 хувиас доошгүй, дээд хязгаар нь босго үнийн 50 хувиас дээшгүй байхаар төлөвлөсөн.  

Дуудлага худалдаа эхлэхээс 72 цагийн өмнө Төв аймгийн албан ёсны www.tov.gov.mn веб сайтад холбогдох линкийг байршуулна. Дуудлага худалдаанд энэ жил угалз 7 толгой, халиун буга 11 толгой, цагаан зээр 22 толгой, саарал чоно 3 толгой худалдана.

-Амьтныг агнах ажлыг зохион байгуулах шалтгаан нь юу байдаг вэ. Эдгээр амьтдын экологи эдийн засгийн үнэлгээ нь хэд вэ?

-Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа гэж ойлгож болно. Хэт их өвсөн тэжээлтэн байвал тэр газар цөлжилттэй хэсэг болж хувирна. Махчин амьтан их байвал идэш тэжээлийн дутагдалд орж, иргэдэд аюул учруулж мэднэ. Угалз 22 сая 200 мянган төгрөг, халиун буга 12 сая 700 мянга, цагаан зээр 997 мянга, саарал чоно 1 сая 130 мянган төгрөг гэж байна. 2023 оны дуудлага худалдаагаар 8 толгой угалз, 12 толгой халиун буга, 40 толгой цагаан зээр, 2 толгой саарал чоныг агнах тусгай зориулалтын эрхийг худалдаж байв.