"УИХ-ын 126 гишүүн бүгд үг хэлэхгүй, урьдчилж асуултаа өгч, бичгээр үгээ илэрхийлэх” зэрэг иргэдийг төлөөлөх эрхийг хязгаарласан “Дэгийн хууль”-ийг Н.Энхболд нар боловсруулжээ

"УИХ-ын 126 гишүүн бүгд үг хэлэхгүй, урьдчилж асуултаа өгч, бичгээр үгээ илэрхийлэх” зэрэг иргэдийг төлөөлөх эрхийг хязгаарласан “Дэгийн хууль”-ийг Н.Энхболд нар боловсруулжээ

2024 оны сонгуулийг томсгосон 13 тойрогт холимог системээр явуулж үр дүнд нь 126 гишүүнтэй болно. Өнгөн дээрээ УИХ-ын гишүүдийн тоог нэмж эрх мэдлийг нь багасгана, парламентын чадавхийг сайжруулж олон намын тогтолцоотой болно гэх сайхан тайлбар хэлэх ч МАН ялахын тулд өөрсдөө зохиосон тоглоомын дүрэм нь энэ.

-НЭГ ГИШҮҮН 3 МИНУТАД БАГТАН ҮГЭЭ ХЭЛНЭ. НЭГ ГИШҮҮН ХОЁРООС ИЛҮҮГҮЙ БАЙНГЫН ХОРООНД ХАРЬЯАЛАГДАНА ЗЭРГЭЭР ГИШҮҮДИЙН ОРОЛЦООГ ХУМИЖЭЭ-

Гишүүдийн тоо нэмэгдэж 126 болохтой холбоотойгоор УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн нар өнгөрсөн долоо хоногт /2024.04.03/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Энэ бол УИХ-ын чуулганы хуралдааныг 126 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулах, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг бүтээмжтэй, үр нөлөөтэй байлгах, ажил хэрэгч, шударга мэтгэлцээний зарчмаар шийдвэрлэх зэрэг хуралдааны зохион байгуулалттай холбоотой маш чухал хууль. Гэтэл дээрх хуулийн төсөлд төлөөллийн ардчиллын чадавхийг сулруулах магадлалтай тодруулбал, гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг  нь хумисан хэд, хэдэн агуулгыг багтаажээ.

Тодруулбал;

  • Нэгдсэн хуралдаанд асуулт асуух хугацааг нам, эвслийн бүлгийн авсан суудлын тоонд хувь тэнцүүлэн хуваарилна. Ингэхдээ нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хэлэлцүүлгүүдийг явуулах үед асуулт, хариулт авах үйл ажиллагааг Зөвлөлөөс тогтоосон хугацаанд багтаан зохион байгуулах, хуралдаан даргалагч урьдчилан ирүүлсэн дарааллын дагуу асуулт, хариултыг зохион байгуулахаар тусгана.
  • Гишүүний асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй, 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 4 минутаас илүүгүй байна. 
  • Заасан хугацаанд үгээ хэлж амжаагүй тохиолдолд үгээ бичгээр илэрхийлж хуралдааны тэмдэглэлд хавсаргах боломжтой.
  • Нэгдсэн хуралдаанаар хууль тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үеэр Хуулийн төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн, эсрэг байр суурьтай бүлгийг төлөөлж мөн аль нэг нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй тус бүр хоёр хүртэл гишүүн 4 минутаас илүүгүй хугацаагаар үг хэлнэ.
  • Бүтцийн хувьд, 8 байнгын хороотой байх ба тус хороодод 25 гишүүн харьяалагдана. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар нэг байнгын хороонд 19 гишүүнийг хамарч буй. УИХ-ын гишүүд 3-аас илүүгүй байнгын хороонд ажилладаг байсан бол одоо 2-оос илүүгүй байнгын хороонд харьяалагдана. Байнгын хороо 19 гишүүнтэй байхад 10 хүн хууль тогтоолын төслийг хэлэлцэх эрхтэй байсан бол шинэ парламент байгуулагдсанаар 13 хүн хууль тогтоолын төслийг хэлэлцдэг болно.
  • Нам эвслүүд 8 гишүүнтэйгээр бүлэг байгуулдаг бол шинэ зохицуулалтаар 12 ба түүнээс дээш гишүүнтэйгээр бүлэг байгуулна. Түүнчлэн аливаа бодлогын асуудал бүлэг дээр төвлөрдөг тул хууль тогтоолын төслийг хэлэлцэх үед хэлэлцүүлгийн хугацааг тогтоож өгөхөөр тусгажээ. 

-ҮНДСЭН ХУУЛИНД ЗАСГИЙН БҮХ ЭРХ МЭДЭЛ АРД ТҮМЭНД БАЙНА. АРД ТҮМЭН ЭНЭ ЭРХЭЭ ТӨЛӨӨЛЛИЙН БАЙГУУЛЛАГААРАА ДЭМЖУУЛАН ЭДЭЛНЭ ГЭЖ ЗААСАН-

Одоо мөрдөгдөж буй хуулиар үг хэлэх санал гаргасан гишүүн бүр үгээ хэлдэг байсан ч дээрх Дэгийн хуулиар энэ эрх чөлөөг хумиж, тухайн гишүүдийг зөвхөн хоёр хүнээр төлөөлүүлэх нь. Цаашлаад 5 минутад үгээ хэлдэг байсныг богиносгож 3 минут болгосон байна. Мөн Гишүүд олон байнгын хороонд харьяалагдаж өөрийн анхаарч буй салбарт хуулийн шинэчлэл хийхэд гар бие оролцдог байсан ч одоо зөвхөн хоёр байнгын хороонд л харьяалагдах нь.

Энэ нь гишүүдийн эрх чөлөөтэйгээр үгээ, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж буй хэлбэр гэж шүүмжлэх гишүүд байгаа юм.  Манай Улс нь парламентын засаглалтай. ОХУ, БНХАУ гэх хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хувьд парламентын засаглалтай байх нь хамгий зөв гэдгийг эрдэмтэд хэлсээр ирсэн. Тиймээс бидний үнэт зүйл болох парламентын засаглалыг чадавхийг хэзээ ч дордуулж болохгүй гэж эрдэмтэд хэлдэг. Монгол Улсын Үндсэн хуулинд Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна.Ард түмэн энэ эрхээ төлөөллийн байгууллагаараа дамжуулан эдэлнэ гэж заасан байдаг. Энэ утгаараа иргэдийг төлөөлж, төрийн эрх дээд байгууллагад ажиллаж буй гишүүдийн дуу хоолой, үг хэлэх эрх чөлөөг дордуулж болохгүй зарим гишүүд ярьж эхэлсэн. Ирэх долоо хоногт тус хуулийг хэлэлцэж эхлэх үед  гишүүд ямар санал, байр суурийг илэрхийлэх нь анхаарал татаж байна. 

Үргэлжлэл бий ...