Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орсон тул зорчихгүй байхыг анхааруулжээ

Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орсон тул зорчихгүй байхыг анхааруулжээ

Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаарч өчигдөр /2024.04.07/ Их-Уул сумын нутагт +18 градус  дулаан байсан талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. Иймд цас хайлж, мөс нимгэрч зарим томоохон голуудын цөн түрсээр байгаа аж. Мөн Хөвсгөл нуурын мөсөнд хөдөлгөөн орж, эрэг зах руугаа түрж эхэлсэн байна. Иймээс иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулжээ.

Хөвсгөл нуур нь ихэвчлэн өвлийн дунд сарын шинийн 15-наас хойш бүрэн хөлддөг ба нуурын мөс өвлийн дунд сард 70-80 см орчим зузаантай хөлддөг бөгөөд 120-150 см орчим зузаантай болох үед хангалттай хөлдсөн гэж үзэж Мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай гэж Монцамэ агентлагийн мэдээлэлд дурджээ.